Саяхан даа, болсон үйл явдлыг олон нийтэд мэдээлэх үүргээ гүйцэтгэж мэдээллийн сайтдаа нэг мэдээ оруулчихав. Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг уншсан хүмүүс өвөр зуураа шэйрлэж, дор нь сэтгэгдэл бичиж, гаргасан шийдвэрт нь бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Гэтэл шөнө 23.00 цаг өнгөрч орондоо орчихсон байхтай зэрэгцэн мэдээллийн гол баатар бүсгүй утасдав. Утасныхаа дууг хаасан ч завсаргүй утасдаад байсан учраас авахаас өөр арга байсангүй. Гэтэл “Худлаа мэдээлэл бичлээ, намайг хүмүүс тийм, ийм гэж бичиж байна. Наадхаа устга” гэх мэтээр дарамталж байна. Эхэндээ ч тайван сонсч байсан эцэстээ бухимдаж эхлэв.
Мэдээлэл албан ёсны баталгаатайг хэлсэн ч хүлээж авахыг хүссэнгүй. Хүмүүс фэйсбүүктэй шэйрлэж, сэтгэдэл бичиж байгааг хянах боломжгүйг хэлсэн ч ойлгосонгүй. Бидний яриа гэр бүлийхнийг маань ч сэрээж, хэсэгтээ л буцаж унтах гэж ядарч билээ. Шөнөжин элдвийн мессеж утсанд тасралтгүй ирж, арайхийн өглөө болгосонсон. Энэ жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл их хотын иргэн та арай ийм үйлдэл хийдэг юм биш биз. Таны дотны хүн биш байхад шөнөөр утасдаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг бол энэхүү зохисгүй үйлдлээ яг одоо орхиорой. Соёлт хүний хамгийн наад захын мэдэх ёстой зүйл бол утсаар ярих соёл юм.
Хуралд сууж байхдаа утасныхаа дууг хаах, яаралтай л биш бол ажлын цаг эхлэхээс өмнө эсвэл ажлын цаг дууссаны дараа бусад руу битгий залгаж байгаарай. Нэг залгаад авахгүй бол мессеж бичээд үлдээчих. Мэдээж тэр хүн уншаад эргэж залгаж л таарна. Амралтын өдрөөр ажил ярих гэж залгасан бол эхлээд амгалан тайван байдлыг нь алдагдуулсанд уучлалт гуйгаад сурчихмаар байгаа юм. Таны ярилцагчийн хандлага ч өөрчлөгдөөд л явчихна. Мөн олон нийтийн газар шаардлагатай л биш бол чанга ярихгүй байх, хөхөрч инээхгүй, хамаг зовлонгоо тоочихгүй байх нь таныг соёлтой харагдуулна. Бас хамт яваа хүмүүсээ ч хүндэлж буй нэг хэлбэр билээ.
Эх сурвалж: dardas.mn