АМТАТ ЖОР: Бөөрөлзгөний чанамалтай МАКАРОН

1753
macaron-amtat-jot
Бөөрөлзгөний чанамалтай МАКАРОН

      Амттан, жигнэмэг, нарийн боовонд хорхойсдог, басхүү дэргэдүүр нь зүгээр  өнгөрч чаддаггүй амттанд дурлагчиддаа зориуллаа. Зуухнаас дөнгөж гарсан нарийн боов, жигнэмгийн хамар цоргим сайхан үнэр ч ай даа янзтай шүү.

Амттан идмээр санагдсан үедээ гэртээ хүссэн амттанаа хийж идэнгээ, гэр бүлийнхнээ дайлах ч сайхан даа. Тиймээс энэ удаа хэн бүхний нүдийг унагаж, амтлахаас нааш санаа сэтгэл амраадаггүй амттан Макароныг хэрхэн хийх зааврыг хүргэж байна. Доорх зургуудаар зүг чигээ авч, дагаад хийгээрэй.

ОРЦ:

  • 85 гр бүйлсний гурил
  • 45 гр элсэн чихрийн нунтаг
  • 2 ш өндөгний шар (өрөөний температурт тавьсан)
  • 50 гр элсэн чихэр
  • Хүнсний будаг
  • Бөөрөлзгөний чанамал (өөрийн дуртай жимсний чанамал хийж болно)
~Бөөрөлзгөний чанамалтай МАКАРОН~

ХИЙХ АРГА:

Шарах шүүгээнийхээ төмөр хавтан дээрээ хүнсний цаас дэлгэн тавиад дээр нь гурван см хэртэй 20 дугуй тойргууд зурж бэлтгэнэ.

Бүйлсний гурил болон элсэн чихрийн нунтгаа холигчид хийн нэг минут хэртэй сайтар холино.

Өндөгний цагааныг нэг саванд хийгээд цахилгаан холигчоор холино. Ингэхдээ бага хурдаар өндгөө хөөсөртөл нь холино. Хөөсрөөд ирэхээр нь хурдаа бага зэрэг нэмээд хоёр минут хэртэй дахин холино. Холигчийнхоо хурдыг дахин нэмээд элсэн чихрээ бага багаар дээрээс нь хийж өгнө. Ингээд өндөгний цагаан өтгөн болох ёстой.

Өтгөн зуурмаг дээрээ ягаан хүнсний будгаа хийгээд өнгө нь сайтар уусаж нэгдтэл нь дахин холино.

Өтгөн зуурмаг дээрээ бэлтгэсэн бүйлсний холимгоо хийгээд халбагаар сайтар хутгана. Ингээд макароны зуурмаг бэлэн боллоо. Зуурмагаа бэлдсэний дараа 30 минут хэртэй өрөөний температурт амраагаарай.

Сайн амраасны дараа зуурмагаа крем шахагч уутандаа хийнэ. Үүнийхээ дараа зурж бэлтгэсэн дүрсүүд дээрээ нэгэн жигд зуурмагаа шахаж гаргана.

Зуухаа урьдчилан 250 хэмд халаана. Халсан зуухандаа макароны зуурмагаа хийгээд 12 минут хэртэй жигнэнэ. Жигнэж байх хооронд макароныхоо оройг дарж үзээд наалдаж байвал ахин бага зэрэг жигнээрэй. Болсон бол зуухнаасаа гаргаж хөргөнө.

Хөрсөн хоёр макароны голд нь ½ ц/х бөөрөлзгөний чанамлаа түрхээд хооронд нь нийлүүлнэ. Ингээд амттан идэх хүслээ дарах бөөрөлзгөнөтэй амтат макарон бэлэн боллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу