Сүүлийн жилүүдэд кетогенийн дэглэмийн оргил үе тохиож байна. Дэлхий даяар, тэр дундаа одуудын дунд алдаршаад байгаа энэхүү хоолны системийн онцлог, давуу болон сул талуудын талаар хоол тэжээлийн мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Кето дэглэм гэдэг нь өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг хэлнэ. Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие организмд кетонын бие үүсдэг ба энэ нь өөх тосыг задалдаг байна.
Энэ төлөвийг кетоз гэж нэрлэдэг аж. Кетозын үед эпилепс буюу татаж унах өвчний эрч ба давталт нь харьцангуй багасдаг бөгөөд зарим тохиолдолд бүр 50% буурдаг болохыг эмч нар тогтоожээ. Тиймээс эмийн үйлчилгээ нөлөөлдөггүй эпилепстэй хүүхдүүдэд кетогенийн хоолны дэглэмийг ашиглан эмчилгээ хийдэг аж. “Энэ төрлийн судалгааг 1930-аад оноос эхлэн хийж байгаа. Эпилепс өвчнийг эмчлэхэд тохирсон эм зах зээлд нэвтэрч эхлэхэд кетогенийн дэглэмийн талаарх яриа намжсан юм. Өнөөдрийн байдлаар эпилепсийн эсрэг эм үйлчлэхгүй байгаа тохиолдолд кетогенийн дэглэм нь үүнийг эмчлэх сүүлчийн арга болж байна” гэж Crocus Fitness төвийн мэргэжилтэн ярилаа.