2019-10-28

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.
Ойрд уншсан номын агуулгаас товч танилцуулъя гэж бодлоо. 160,000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн “Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ” гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна.

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа ЗУРАГ-тай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ.

Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГ-тай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 НАС
3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог гэнэ. Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ.

Удаан үргэлжлүүлж суралцаж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас юм байна.

10 НАСНААС ХОЙШ

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь нөлөөлдөг.
Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь аль хэдийн тавигдсан байдаг. Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог.

Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.

TAGS: