Английн Премьер лигийн 37 дугаар тойрогт “Манчестер Сити” талбайдаа “Лестер”-ийг хүлээн авч, 1:0-ээр хожлоо. Аваргын цомын хувь заяа шийдэгдэхэд ганцхан тойргийн өмнө “Сити”-гийнхэн “Үнэгнүүд”-ийг амаргүй тоглолтод буулган авч, “Ливерпүүл”-ээс нэг онооны илүүгээ хадгалан үлдэж чадлаа.
Хожлын гоолыг 70 дахь минутад Венсан Компани оруулсан. 28 орчим метрийн зайнаас хаалга руу хүчтэй цохилтоор гадагшаа эргүүлэгтэй цохисон бөмбөг яг 90-ийн буланд туссан тул Каспер Шмейхельд хаах боломж байсангүй.
11 жилийн өмнө “Хамбург”-ээс “Сити”-д ирсэн эдүгээ 33 настай ахлагч, хамгаалагч Венсан Компанигийн энэ гоолыг улирлын шилдгээр нэрлэх ёстой гэж Гари Линекер шууд хэлжээ.
Харин тоглолтын дараагаар Серхио Агуэро багийнхаа ахлагчид баяр хүргэхдээ “Битгий цохь! Хөөе, Винни, үгүй ээ! гэж хэлсэн шүү дээ” хэмээн инээмсэглэн өгүүлж байлаа. Бөмбөгөө аль болох ашигтай хуваарилж, алдалгүй, хамгийн тохиромжтой байрлалаас цохилт хийхийг эрхэмлэх ёстой тэр үед Компани холоос цохилт хийхээр сэтгэл шулуудсаныг харсан Агуэро хажуухнаас нь ингэж хашхирсан юм байна.
Энэ улирлын эхний гоолоо оруулсан Венсан Компани,
“Гоолын тоонд бус чанарт хэргийн учир оршдог. Гарцаагүй шаардлагатай үед гоол оруулдаг байх ёстой. Өнөөдөр бид эхнээсээ л дайчин, зүтгэлтэй, хурдтай тоглолоо. Каспер хэд хэдэн удаа сайн хаалт хийлээ. Ийм л онцгой сайхан өдөр ганц удаа би түүний хаалгыг мялаах хувьтай байж. Би зүгээр багтаа ашигтай хэрэгтэй байхыг бус ялалтад хүргэхийг хичээдэг. Үүндээ өнөөдөр хүрлээ.
Бид дарамт мэдрүүлж, хэмнэлийг тогтоож тоглосон ч сүүлчийн дамжуулалт дутаад байв. Тэд олуулаа маш сайн хамгааллаа. Ийм гоол, ийм агшин бол манай клубын түүхийн нэг хэсэг. Бид өөрсдийн боломждоо итгэж, үргэлж эцсийн мөч хүртэл тэмцдэг.
Сүүлийн дөрвөн сарын тоглолт бүр амин чухал бйлаа. Бид лигийн сүүлчийн тойрогт буюу биднийхээр бол финалд “Брайтон”-той тоглож таарах нь. Одоогоор бид лигийн аваргын цомоо өргөөгүй байна” хэмээн Компани өгүүлжээ.
А.Чингэстэй