Байгаль хамгаалах улсын байцаагчийн эрхийг 62 хүн хүртлээ

723
baigali-hamgaalagchid-2019
Байгаль хамгаалах улсын байцаагчийн эрхийг 62 хүн хүртлээ

БОАЖЯ, МХЕГ, “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” ТББ хамтран байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан орон нутгийн байгаль хамгаалагчдад зориулан сургалт зохион байгуулав.

Тус чадавхжуулах сургалтад 62 байгаль хамгаалагч оролцсон ба Монгол Улсын ерөнхий байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхээ авлаа.

Монгол Улсын хэмжээнд орон тооны бус байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг 20 жилийн дараа буюу энэ оноос олгож эхэлж байгаа нь энэ юм. Эдгээр байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдад байгаль орчны хяналтын улсын байцаагч гэж хэн бэ, тэд ямар хууль дүрэм журам, стандартыг баримталж ажиллах ёстой вэ, ажиллах хууль эрхзүйн орчин нөхцөл ямар байгаа, цаашид анхаарах асуудлын талаар болон зөрчлийг хэрхэн шалган шийдвэрлэх талаар бодлого дасгал ажиллуулж заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Сургалтад хамрагдсанаар байгаль хамгаалал, байгаль орчны хяналтын ажил хоёрыг уялдуулж ажиллах, тодорхой шийдвэр гаргахад суралцах буюу улсын байцаагчийн хариуцлагатай үүргийг биелүүлэх мэдлэг мэдээлэлтэй болсон тухайгаа улсын байцаагчийн эрх, үнэмлэх, тэмдгээ гардан авсан байгаль хамгаалагчид ярьж байна.

Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, зөрчил дутагдлыг илрүүлж таслан зогсоох, хууль журмыг чанд сахиж биелүүлэхэд хяналт тавих зэрэг өргөн цар хүрээтэй ажлын тэргүүн эгнээнд ажилладаг хүмүүс бол Байгаль хамгаалагчид юм.Монгол Улсын хэмжээнд нийт 692 байгаль хамгаалагч ажиллах ёстой боловч одоогоор Аймаг, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 514 байгаль хамгаалагч ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу