Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тарваган тахал өвчнөөр хоёр хүн өвчилж нас барсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөө оройн 22:00 цагт ес дэх удаагаа хуралдаж,
Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллага болон хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хяналтын цэгээс нэг ч хүнийг оруулж гаргахгүй байхаар үүрэг өглөө.
Мөн Өлгий сумаас орж гарах 9 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын орон байр, хоол хүнсний асуудлыг маргааш 15:00 цаг хүртэл шийдэж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Үүний дараа Казахстан, ОХУ- руу явж Ташаантын боомт дээр буцаж ирээд байгаа иргэдийн асуудлыг хэлэлцсэн ба эдгээр хүмүүсийг хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомт бүсээс дамжин өнгөрүүлэхгүйгээр Улаанбайшинтын боомтод нэгдсэн хяналтанд байлгахаар шийдвэрлэлээ.