Гэмт хэрэг ихээр гардаг САППОРОД цагдаагийн КАБОН байршууллаа

770
sappora
Гэмт хэрэг ихээр гардаг САППОРОД цагдаагийн КАБОН байршууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XII хороо, Саппорогийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Саппоро орчимд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, зөрчил олноор үйлдэгддэг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тухайн хэсэгт цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргасныг НГХУСАЗЗ-өөс дэмжиж ажил болгосон юм.

НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба кабоны нээлтийн үеэр “Цагдаагийн байгууллагаас Саппоро орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистик мэдээллийг гаргасан байдаг. Гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд уг кабоныг ажиллуулж байна. Тухайн ажлын санжхүүжилт 2019 онд төсөвт суугаагүй ч НГХУСАЗЗ-аас хөрөнгө шийдвэрлэж, кабоныг байршуулж буй.

Нийслэлийн удирдлагын үндсэн үүрэг бол иргэдийг ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхэд онцгойлон анхаарах явдал юм. Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран арга хэмжээ авч байгаа юм” гэв.

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Хархорин” захын орчимд мөн ийм кабон байршуулсан бөгөөд үр дүнд нь тухайн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

“Цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулсанаар хэрэг, зөрчил гарах нь цөөрдөг гэдгийг “Хархорин” захын дэргэд байршуулсан кабоны жишээнээс харж болно. Тухайн орчинд мөн л гар дээрээс худалдаа эрхлэх, архидан согтуурах, хулгай, танхайн хэрэг олон гардаг байсан тул цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргаж, дүүргийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр шийдүүлж байсан.

Энэ удаа НГХУСАЗЗ-ийн хөрөнгөөр Саппорогийн автобусны буудлын дэргэд кабон байршуулуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгч байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу