Жүжигчингүй жүжиг анх удаа…

jujigchingui-jujig-2019
Контемпорари жүжиг Монголд анх удаа тавигдана.

Улс төрийн далд ухуулаг хэмээн олон нийтийн сүлжээнд ойлгогдож байсан “Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий зурагт хуудас контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ.

Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ.

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн уг жүжгийг дуу чимээний бохирдол хэмээх 21-р зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг  “урлагийн хэлээр” хүргэхийг зорьжээ.

Жүжигчингүй жүжгийн найруулагчаар  “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч”  Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар  Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг,  перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилийг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж.

“Амьгүй биет” жүжиг 2019 оны 2 сарын 23,24-ний өдрүүдэд Тэди төвийн чанх урд талд байрлах Анкор төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдоно.

З.Халиун