Гойд ашиг шимт үржлийн мал шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчилан таниулах, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол улсад бие дааж баталгаажсан 50 үүлдэр, омгийн малыг үржүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 10 гаруй цэвэр үүлдрийн малыг Монгол улсад нутагшуулан үржүүлж байна.
~Зуунмод хотноо “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдаа боллоо~
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэхэд ХХААХҮЯам онцгойлон анхааран ажиллаж байна.
“Шилмэл мал-2019” арга хэмжээний агуулга, хэлбэр, хамрах хүрээ үүнд чиглэж “Айрагны баяр”, “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”, “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа”, “Мал аж ахуйн тоног хэрэгсэл”, “Малын эм бэлдмэл” зэрэг салбар арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлээс шалгарсан гойд ашиг шимт мал, амьтан, малчид, үйлдвэрлэгч, мал үржүүлэгч, импортын өндөр ашиг шимт мал, тэдгээрийг нутагшуулан үржүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид оролцож, олон улсын жишигт хүрсэн мал аж ахуйн салбарыг олон нийтэд сурталчиллаа.