Канад улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй залууст зориулсан өдөрлөг зохион байгуулж, төрийн өмчит их, дээд сургуулиудынхаа талаарх зөвлөгөө мэдээллийг өглөө.
Энэхүү өдөрлөгт Канад улсын Бээжин хот дахь Элчин сайдын яамны ажилтан Марк Эйчхорст оролцож залууст мэдээлэл өгсөн юм.
Канад улс нь дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог, 36 сая хүн амтай, нийт арван мужаас бүрддэг байна. Улсын болоод хувийн 100 гаруй их, дээд сургуультай. Улсын сургуулиуд нь мужаасаа санхүүждэг. Муж бүр нь тухайн сургуулиудад өндөр шаардлага тавьдаг нь улсынх нь боловсролын тогтолцоо чанартай байхад нөлөөлж иржээ. Нэг багшид 20-25 оюутан ногддог. Түүнчлэн оюутны нийгэмд хэрэгжүүлж болохуйц эрдэм шинжилгээний ажлуудыг нь санхүүгийн хувьд дэмждэг. Сургалтынх нь 50 хувь онол, 50 хувь практик байдаг.
Канадын их дээд сургуулиудад суралцах залууст тавигдах хамгийн эхний шалгуур нь англи хэлний түвшин нь IELTS-ын 6,5-8 хүртэл оноог авсан байх шаардлагатай. Баклаврын зэргээр дөрвөн жил сураад төгссөн оюутнууддаа гурван жил ажиллах, харин мастерын зэргээр хоёр жил суралцсан бол хоёр жил Канад улсад ажиллах эрх олгодог. Засгийн газар хоорондын тэтгэлэг байхгүй.
Гэхдээ оюутан өөрийн хүч чадлаар сургуулиасаа 100 хувийн тэтгэлэг аван суралцах боломжтой. Улсын цөөн тооны хэдэн сургууль нь сайн суралцдаг оюутнаа дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог аж. Тэтгэлэгт хамрагдах бол тухайн сургуульдаа анх элсэхдээ хүсэлтээ хавсаргах ёстой.
Хятад улсын Бээжин хот дахь Канадын элчин сайдын яамны ажилтан Марк Эйчхорст “Манай улсад суралцах сонирхолтой залуус хэлний онооноос гадна ирээдүйгээ бүрэн тодорхойлж өөрийгөө илтгэсэн. Заавал яагаад Канад улсад суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эссээ бичсэн байх зэрэг нь их дээд сургуулиудад элсэн ороход голлох үзүүлэлт болно гэдгийг тодотголоо.