Монгол эр хүний үүрэг хариуцлагын лекц 400 хөвгүүдэд уншина

894

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчид Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зургаадугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд Ерөнхий боловсролын ахлах ангийн хөвгүүдийн дунд “Эх оронч хөвгүүд” сэдэвт лекц сургалтыг зохион байгуулах гэж байна. Мөн энэхүү сургалтыг нийслэл хотын есөн дүүргийн Боловсролын газартай хамтран бүсчилсэн хэлбэрээр цаашид зохион байгуулна” гэв.

Гавьяат багш Б.Галиндэв “Энэхүү арга хэмжээний зорилго нь өсвөр насны хөвгүүдэд монгол эр хүний түүхэн гавьяа, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах чадвартай болгохын зэрэгцээ  зааж номлох, онолдох, шүүмжлэхээс татгалзаж, үлгэрлэн дагуулах хандлагыг суулгах, өрхийн тэргүүний үүрэг хариуцлага хийгээд архины далд хор хөнөөлийг ухамсарлуулах, ирээдүйн иргэдийг ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй иргэн болгож хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран лекц сургалт зохион байгуулж байгаа” гэдгээ  хэлсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу