Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг загвар өмсөгчдийн чадвар чансаа, хувцас урлаачдын ур ухааныг сорьдог томоохон тэмцээний нэг яахын аргагүй “Гоёл” наадам.
Тус наадмын 2019 оны Топ моделиор шалгарсан Н.Сарнай өдгөө сар шинийн сурталчилгааны зураг авалтад дарагдаад тун завгүй яваа гэнэ. Тэрээр загварын тайзнаа 14 жил алхсан туршлагатай нэгэн. Өсвөр наснаасаа загварын ертөнцөд хөл тавьсан гэдэг.
Насны ханиараа банкны салбарт ажилладаг мэргэжил нэгт залууг сонгон монголын нэгэн сайхан гэр бүлийг зохиогоод буй. Хэдийгээр ойрхон зайтай төрж дөрвөн жил гэртээ суусан ч шаардлага хатуу загварын тайзнаа эргэн гарч гучин нэгдэх дэх удаагийн “Гоёл”ын цомыг өргөж чадсан хүчирхэг эмэгтэй.
Хүн өөрт байгаа хүч бололцоогоо дайчилж чадвал сайхан бүхнээр төсөөлөгдөх мөрөөдөл ямар ойрхон байдгийг тэрээр харуулж чадсан.
Охид бүсгүйчдэд хүч чадал гоо үзэсгэлийн үлгэрлэл болсон Топ модель Н.Сарнай нэгэн удаа “Өөрийгөө магтмаар санагддаг” тухайгаа нуулгүй хэлж байжээ.
Топ модель Н.Сарнай:
“Би бүр өөрийгөө магтмаар санагддаг. Хүмүүсээр ч магтуулмаар санагддаг. Маш их тэвчээр шаардсан хэцүү үе байсан. Гэхдээ тэрнийхээ үр шимийг хүртээд явж байна. Жирэмсэн болохоор хүн бүр жин нэмдэг дээ.
Би анхны хүүхэд дээрээ 98 кг-аас 62 кг хүртэл жин хаяж байв. Тэгээд дараа нь дахиад жирэмсэн болоод 93 кг-аас 58 кг болтлоо жингээ хассан. Хоёр жилд хоёр удаа турах гэж байдаг бүх тэвчээрээ гаргасандаа өнөөдөр ийм байдалтай байгаадаа баярладаг юм”
хэмээн нэгэн ярилцлагын үеэр дурджээ.