“Хурд” хамтлагийнхан санаачилж “хайртай” аянг эхлүүллээ

hairtai-ayan-2019
"Хурд" хамтлагийн санаачилсан "Хайртай" аян үргэлжилж байна...

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна.

Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт ярилцлага, эхчүүдэд “Та монгол ээж” ТББ-тай хамтран “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сэдвээр илтгэл, лекц зохион байгуулж байгаа юм. Мөн өсвөр насны хөвгүүдтэй уулзалт зохион байгуулж “Эх орон гэж юу вэ, ялалт ялагдлын мөн чанар, гэр бүл эх орноо хамгаалах хайрлах үүрэг, хариуцлага” зэрэг сэдвээр халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүлж байна.

Чойбалсан хотод хийсэн “Эр хүний ноён нуруу” уулзалтад цагдаа, онцгой байдал, цэргийн ангийн алба хаагчид гэр бүлийнхээ хамт оролцлоо. Цагдаагийн Ерөнхий Газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Эрчүүдийн 99 хувь нь цэрэг, цагдаа болохыг мөрөөддөг. Хоёрхон хувь нь мөрөөдлөө биелүүлдэг. Та бүхэн мөрөөдөлдөө хүрсэн хүмүүс. Тиймээс эх орныхоо амгалан тайван байдлын төлөө нэр хүндтэй албанд зүтгэж байгаагийн хувьд, мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийн хувьд соён гэгээрлийн арга хэмжээг түүчээлэн орон нутагтаа олон сайхан ажил зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Цэрэг цагдаагийнхан бол хайрыг түгээгч юм. Дүрэмт хувцсаа өмсөөд ажилдаа гарахаас эхлээд үйлдэл бүр нь эх орон ард түмнээ хамгаалахын төлөө байдаг. Хайр байгаа газар гэрэл гэгээтэй, аз жаргал оршдог” гэлээ.