Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мал төллөлт 50 гаруй хувьтай, хөдөө аж ахуй салбарын ажил эрчимтэй өрнөж буй энэ үед Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Тус аймгийн Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран “Ашиг шим өндөртэй эрүүл мал, эклогийн цэвэр эрүүл хүнс үйлдвэрлэгчдээрээ дэлхийд танигдана” зорилгын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХөҮБХЗГ-ийн Б.Батхүү, ХҮБХЗГ-ийн дарга Т.Гантогтох, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг, Сүхбаатар аймгийн удирдлагууд оролцов.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг олон нийтэд таниулах, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт явц, төмс хүнсний ногооны хортон шавьжтай хэрхэн тэмцэх, мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, хөдөө аж ахуйн газар тариалангийн зориулалттай бага дунд оврын трактор, тоног төхөөрөмж, мал угаалгын баннийг гардуулан өгсөн юм. Энэхүү нээлтийн хаалганы өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд зөвлөмж зөвлөгөө өгч буйтай ХХААХҮ-ийн сайд танилцаж тэдний санал бодлыг сонссон юм.
~ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймагт ажиллаад ирлээ~
Сүхбаатар аймагт энэ хавар 13 сумын 67 багийн 7770 малчин өрхөд нийт 3704,6 мянган толгой мал хаваржиж байна. Нийт өрхийн 93,0 хувь, малын 91,2 хувь нь өөрийн орон нутагтаа өвөлжиж, хаваржсан. Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорноговь аймаг, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 49 өрхийн 19,9 мянган мал отроор өвөлжиж хаваржсан.
Энэ онд 1633,3 мянган эх мал төллөхөөс 5-р сарын 1-ны байдлаар 71,2 хувь буюу 1163,8 мянган мал төллөж 1168,1 мянган төл гарч 96,4 хувийн бойжилттой буюу 1126,8 мянган төл мал бойжуулаад байна. Мал төллөлтийн хувь бог малд 77,4-80,0 хувь, бод малд 22,0 -36,7 хувьтай, ингэ төллөлт харьцангуй бага байна. Мал төллөлт Сүхбаатар суманд хамгийн их буюу 82,7 хувьтай, Түмэнцогт суманд хамгийн бага буюу 43,8 хувьтай байна.
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтсан бүтээлч ажлыг өрнүүлж Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн, сургалтыг УХЭШХ-тэй хамтран зохион байгуулж төмс, хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна.
Сүхбаатар сумын Найрын дэнж дэх 13 га-гийн усалгаатай талбайг ашиглалтад бүрэн оруулах бэлтгэлийг хангаж ХХААХҮЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн 50 морины хүчин чадалтай дунд оврын трактор, тоног төхөөрөмж болон хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр авсан 120,0 м2 бүхий нийлэг хальсан 6 хүлэмжийг татан авч 25.0 га-гийн услалтын системийг ТЭДС-аас авах гэрээ хийсэн.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар усалгаатай талбайг хашаажуулах 20,0 сая төгрөгийн тендер зарлах эрхийг Сүхбаатар суманд шилжүүлж, 200 тн-ийн багтаамжтай хүнсний ногооны механикжсан зоорины тендерийг зарлаж үнэлэх шатанд байна. Энэ жил 68 га-д төмс, 33,7 га-д хүнсний ногоо, 10,0 мянган га-д улаан буудай, тэжээлийн ургамал тариалах юм.