Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг, хамтын ажиллагаатай болсны 70 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын урилгаар ӨМӨЗО-ны Хөх хотын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Ван Шинжианиар ахлуулсан төлөөлөгчид НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод энэ сарын 03-07-ны өдрүүдэд айлчиллаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хөх хотын Тамгын газар, Эрүүл мэндийн хороо, Монгол-Хятадын эмнэлэг болон Шүдний эмнэлгийн дарга, мэргэжилтнүүд багтсан бөгөөд айлчлалын хүрээнд нийслэлийн Баянгол, Сүхбаатар Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газар, “Шар дэгд” Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан ажлын туршлага солилцож, аль чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаараа зөвшилцсөн байна.
Айлчлалын үр дүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Эрүүл мэндийн хороо хоорондын хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах төсөлд санал гаргаж, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээр боллоо.