Шөвгийн дөрөвт хоёр Английн баг үлдлээ

822
son03
Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн баг, Англи

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн нэрс тодорлоо. Өчигдөр шөнө Английн Ливерпуль Португ 4:1 харьцаагаар буулган авсанаар дараагийн шатанд шалгарах эрхээ авч чадлаа. Ливерпулийн эхний гоолыг С.Мане хийсэн бол М.Салах удаах гоолыг 65 дахь минутад хийв. Эсрэг багаас 68 дахь минутад Э.Милитао тоог ойртуулсан ч Р.Фирмино, Виржил ван Дик нар гоол оруулсанаар багтаа ялалт бэлэглэв.

Харин Манчестер хотын Этихад цэнгэлдэх хүрээлэнд гайхалтай нэгэн тоглолт болж өнгөрлөө. Эхний тоглолтонд 1:0 харьцаагаар хожигдсон Ситид 2 бөмбөгний зөрүүтэй хожил зайлшгүй хэрэгтэй байсан учраас ширүүн довтолгоогоор тоглолтыг эхлүүлэв. Тэдний хүсэн хүлээсэн гоолыг Р.Стерлинг 4 дэх минутад оруулж хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Гэвч 7 дахь минутад эхний тоглолтын баатар Сон Хён Мин Ситигийн хамгаалагчдын алдааг өршөөсөнгүй, хариуг нь барьсан.

10 дахь минутад Сон Хён Мин баруун хөлөөрөө хаалганы булан руу өшиглөж удаах гоолоо хийсэн бол нэг минутын дараа Ситигийн Б.Силва азтай гэмээр гоол орууллаа. Түүний сулхан өшиглөсөн бөмбөг эсрэг багийн хамгаалчийн хөлний голоор гарч хаалгач Ллорисын өвдөгөнд цохиод оров. 21 дэх минутад эхний гоол эзэн Р.Стерлинг хөндлөн дамжуулалтыг чулуу болгож тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Тоглолтын 73 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөг Тоттенхэмийн Ф.Ллорентегийн тохойд цохиод Эдэрсоны хаалганд орлоо. Шүүгч түүнийг гарыг хэвийн түвшинд байсан хэмээн үзэж гоолыг тооцсон юм.

4:3 гэсэн харьцаа Ситид ашиггүй тул тэд дахин нэг гоол хийхийн төлөө довтолж эхэллээ. Р.Стерлинг 93 дахь минутад С.Агуерогийн дамжуулалтаар гоол хийн Манчестер хот Этихад цэнгэлдэхийг доргиж эхлэхэд шүүгч Отон тоглолт хэмээн тус гоолыг тооцсонгүй. Харин хойд Лондончууд баярлаж эхэллээ. Үлдсэн 2 минутад юу ч өөрчлөгдсөнгүй, Тоттенхэм өөрийн талбайд 1:0 харьцаагаар хожсоныхоо хэргийг гарган, дараагийн шатанд шалгарлаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу