Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэгдэв!

458
shahmal-tulsh-borluulagch
Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэгдэв!

Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй баг “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр ажиллав.

Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийж байгаа бөгөөд үүнээс 190 гаруй цэг картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй зөрөх, ажил удаашрах байдал үүсч байгааг мөн дуулгалаа. Цаашид карт уншуулж түлш олгодог байдлыг хэвшүүлэх тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байгаа аж.

Түлш тээвэрлэлт, түгээлтийн явцын хувьд 8 тонн, 10 тонн, 12 тонн, 25 тонн-ын даацтай тээврийн хэрэгслээр өдөрт 1800-2200 тонн түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж, тэндээс ачааны жижиг машинаар борлуулалтын цэгүүдэд 24 цагаар тээвэрлэж байна.

~Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэгдэв~

Хотын Захирагч С.Амарсайхан “Тавантолгой түлш” компанийнхан нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран 72 цагийн дотор бүртгэлгүй байгаа картуудыг бүртгэлжүүлэхийг анхааруулаад, жижиглэнгийн цэгүүдэд түлш тасалдуулахгүй хүргэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Картыг бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн санд оруулснаар түлшний түгээлт борлуулалтын явц болон борлуулалтын цэгүүдийн нөөцлөлтийг алсын зайнаас мэдэх боломжтой аж.

Иймд 400 гаруй борлуулалтын цэгүүдэд дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллан, зөвхөн картаар худалдан авалт хийлгэх юм байна. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч хатуу сануулж, борлуулагч, тээвэрлэгч компанийн ажилчдын цалин хөлс олголт удааширч, олон хоногоор хүлээгдэж байгаа асуудлын шийдлийг гаргаж, тэднийг чирэгдүүлэлгүй, цаг тухайд нь олгоход анхаарч ажиллах чиглэлийг өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу