Бэлэг дурсгалын зүйлсийг эртний эдлэл хэмээн борлуулдаг байжээ !

1394
beleg-dursgaliin-zuil
Бэлэг дурсгалын зүйлсийг эртний эдлэл хэмээн борлуулдаг байжээ !

“БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулахад урд хөршийн алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон зоосон мөнгө хадгалж байсныг илрүүлэн хураасан аж.

Тэд “БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна” гэх зарыг олон нийтэд хүргэдэг байжээ. Улмаар сонирхсон иргэдэд БНХАУ-ын захын дэлгүүр зардаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан байжээ. Хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.

Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-нд каргогоор оруулж ирсэн нь тогтоогдсон бөгөөд хятад иргэд хураагдсан эд зүйлсийг цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйлс нэрийн дор хилээр оруулжээ.

Түүнчлэн тухайн эд зүйлсийг “Геологийн төв лаборатори”, “Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв” зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох тогтоогдсон. Тэгвэл цагаан тугалга, зэс төмөр, цайр зэрэг металлаар хийсэн зүйлсийг эртний эдлэл гэж бусдад итгүүлэн худалдаж байсан аж.

Үүнээс гадна дээрх бүлэглэл Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улс руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс тэд улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байж болох нөхцөл байдал илрээд байгаа аж. Тиймээс олон улсын цагдаа нарын анзаарч илрүүлээгүй бүлэглэлийг монголын цагдаа нар шуурхай ажиллаж илрүүлсэн байх магадлалтай юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор эртний эдлэл сонирхогчдыг эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу