2021-04-13

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн жолоочийг Замын-Үүдээр нэвтрүүлнэ

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн жолоочийг Замын-Үүдээр нэвтрүүлнэ

Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатсан.

Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний газар, МҮХАҮТ хамтран боомтын нөхцөл байдлыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй нийтлэг бэрхшээлийг хамтран шийдэх, харилцан мэдээлэл солилцох цахим уулзалтыг /2021-04-12/зохион байгууллаа.

Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарлаж, гаалийн хашааны зохион байгуулалт болон цар тахлын халдвар хамгааллыг онцгой анхаарах шаардлагатай болсон тул Замын-Үүд чөлөөт бүсэд нийт 800 гаруй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсээд буй.

Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайханы хэлснээр эхний ээлжинд 650 орчим тээврийн хэрэгслийг тодорхой үе шаттай нэвтрүүлэхээр боллоо. Одоогоор өдөрт ачаатай 25, ачаагүй 25 автомашин хилээр гарч байна.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр боомтыг ногоон бүс болгож, үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд халдвар хамгааллын асуудлыг нарийн чанд баримтлах ёстойг аж ахуйн нэгжүүдэд сануулаад тус боомт руу орж ирж байгаа жолооч нарыг сумын суурьшлын бүсээс 20 орчим км зайтай тусгаарлах байрны бэлтгэл ажлыг үндсэндээ хангаж дууссан гэв.

~Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн жолоочийг Замын-Үүдээр нэвтрүүлнэ~

Аж ахуйн нэгжүүдийн хувьд орон нутагт байгаа тээврийн хэрэгсэлтэй гэрээ байгуулж ажиллах, тээвэр зуучлалын байгууллагаар дамжуулан итгэмжлэл хийлгэх, шилжүүлэн ачилт хийх, сэлгэх, гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор эрсдэлтэй бүсээс хүн явуулахгүй байхыг орон нутгийн зүгээс илэрхийллээ.

Ачаа тээврийн жолооч нарыг тусгаарлах нэг өрөөнд 4 жолооч байрлах бөгөөд аж ахуйн нэгжүүд өөрсдийн 2 ба түүнээс доошгүй жолоочийг сэлгэж байрлуулах зохицуулалт хийх нь үр дүнтэй гэлээ. Жолооч нар түр байрлах тусгаарлах 26 өрөө бэлдсэн бөгөөд нэг хүний хоногийн төлбөр 15-20 мянган төгрөг байхаар шийдвэрлэжээ. Хэрэв дахин коронавирусийн тохиолдол гарвал Хятадын тал хилээ хаахаа мэдэгдэж буй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг холбогдох албаныхан уриалж байна.

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн цагаас хойш 14 хоног буюу дархлаажуулалт тогтсон жолоочийг Замын-Үүд сум руу тусгаарлалтад оруулахгүйгээр чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ.

Одоогоор Замын-Үүд сумын хэмжээнд 900 гаруй жолооч эхний тунгаа хийлгэсэн байна. Замын-Үүд суманд байгаа тусгаарлах байрны зүгээс жолооч нарт И баримт олгох, Авто тээврийн үндэсний төв болон орон нутгийн зүгээс ачаа тээврийн үнийг тогтвортой байлгахад холбоодтой ярилцах, үнийн хөөрөгдөл үүсгэхээс сэргийлэх, Улаанбаатар төмөр замд аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг нэгтгэн хүргүүлэхээр боллоо.