Үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан “Монгол дээлээрээ гоёцгооё” аяныг өрнүүллээ.
Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилттай хийгдэж байгаа хэдий ч хэрэглээний цар хүрээ хязгаарлагдмал байсаар байгаа юм. Ийм учраас өдөр тутмын бодит хэрэглээг албан ёсоор бий болгон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхээр тус газраас Үндэсний хувцасны өдөртэй болох санаачилгыг гарган нь улмаар улс орон даяар нэвтрүүлэхээр судалгаа хийж байгаа юм.
Энэхүү зорилгыг дэмжин ХХААХҮЯ-ны албан хаагчид 2019 оны 12 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд үндэсний хувцсаараа гоёх аянд идэвхтэй хамрагдлаа.
~Долоо хоног бүрийн нэг өдөр, “үндэсний хувцас” өмсдөг болохыг санаачлав~
Оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчид үндэсний дээлийн загвар дизайныг боловсронгуй болгон, инноваци шингэсэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч үндэсний дээлийг өдөр тутмын, гоёлын, гадуур хувцасны гэх мэт нэр төрлөөр өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд олон тооны салон, захиалгат хувцасны төв, үйлдвэр аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байна. 2018 оны байдлаар 18327 дээл, тэрлэг үйлдвэрлэсэн байна. Бүтээгдэхүүний дундаж үнийг 150.0 мянган төгрөг гэж тооцвол 2.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1.2 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.
Хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны соёл мөн. Энэхүү соёл монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр үүсэн бүрэлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртээгээс улбаатай бөгөөд МЭӨ II зуунаас төр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэнийг судалгаа шинжилгээний үр дүн харуулж байгаа билээ. Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас төдийгүй соёлын үнэт өв билээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ