2021-04-01

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр ХАНШ нээнэ

mal-tollolt
Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр ХАНШ нээнэ

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ.

Тухайлбал, Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна.