“МИАТ” нь аюулгүй байдал, үйлчилгээгээрээ Азид тэргүүлэгч үндэсний агаарын тээвэрлэгч байх зорилгын дор хөдөлмөрлөн ажиллаж буй. Агаарын тээврийн бизнесийн онцлог, мөн чанарын тухайд

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Баттөр хэлэхдээ,

Дэлхий даяар нийт 65 сая хүн агаарын тээврийн салбарт ажиллаж, энэ салбар дэлхийн ДНБ-ийн 3.6 хувийг үйлдвэрлэж байна. Нэмээд дэлхийн худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн салбарт оруулж буй хувь нэмрийг нь тоогоор хэмжихийн аргагүй. 2018 онд дэлхийн хүн амын талаас илүү буюу дөрвөн тэрбум хүн агаарын хөлгөөр зорчжээ.

2010-2019 оны эхэн үе хүртэл энэ салбарын ашиг, өгөөж эерэг утгатай гарч байсан бол энэ оноос буурах хандлага руу орж байна. 2018 оны дүнгээр агаарын тээвэрлэгчид нийлээд 800 гаруй тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бөгөөд энэ бизнесийн өгөөж нь дунджаар найман хувьтай гарсан.

Агаарын тээвэрлэгчдийг шугамын үндсэн, дотоодын, захиалгат, хямд өртгийн, бүтэн үйлчилгээ үзүүлдэг гэх зэргээр ангилдаг. Хямд өртгийн агаарын тээвэрлэгчид энэ салбарт хүч түрэн орж ирснээр одоо зах зээлийн 33 хувийг эзэлдэг болсон. Энэ хувь Ази, зүүн өмнөд Азийн бүс нутагт хэдийнэ нийт зах зээлийн 60 хувийг давсан. Сүүлийн үед яах аргагүй амжилттай яваа бизнес загвар болж байна.

~”МИАТ” нь Үндэсний агаарын тээвэрлэгч бөгөөд ТӨРИЙН ДАЛБАА тээгч компани юм~

МИАТ бүтэн үйлчилгээ үзүүлдэг үндэсний агаарын тээвэрлэгч бөгөөд төрийн далбаагаа тээгч компани. Манай дотоодын бусад компаниуд ч үндэсний агаарын тээвэрлэгч мөн. Гэхдээ албан ёсоор МИАТ компани ганцаараа national flag carrier буюу үндэсний далбаа тээгч компани юм. Энэ нь бид үнэтэй, бусад нь хямд нисдэг гэсэн утга огт биш шүү.

Зарим хүний хувьд онгоцоор А цэгээс Б цэг рүү зорчиход хамгийн чухал зүйл нь үнэ тариф байдаг. Замдаа олон цаг хүлээж, хэдэн онгоц дамжих нь чухал биш харин хямд үнэ чухал гэсэн үг. Зарим хүн агаарын тээвэрлэгчээ сонгохдоо аюулгүй байдлаа хамгийн эхэнд тавьдаг.

Харин зарим нь аяллын тав тух, хоол, ачаа тээшний жингийн хязгаарыг нь шийдвэр гаргах үндсэн нөхцлөө болгодог. Энэ ялгаатай сонголтуудаас үүдээд хямд өртгийн агаарын тээвэрлэгчид гарч ирсэн. Хямд өртөгтэй агаарын тээвэрлэгчдийн онцлог нь дунд болон ойрын зайнд нислэг үйлддэг.

Дунджаар дөрвөн цаг орчмын нислэг гэсэн үг. Ойрын нислэг байдаг учраас хоол өгдөггүй. Өөрөөр хэлбэл, энэ компаниуд зөвхөн тухайн хүнийг л тээвэрлэх зорилготой. Ачаа тээш, хоол, бусад үйлчилгээг бүгдийг нь нэмэлт төлбөртэй гүйцэтгэдэг” хэмээн хэлжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу