Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болсон.
Уг шийдвэр гарсантай холбогдуулан Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргасан байна.
Үүнд:
Итали улсын төрийн байгуулагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд иргэдийн хүнсний хангамжийг хэвийн түвшинд байлгахад онцгой анхаарч, бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг энгийн горимоор явуулна.
Мөн олон улсын нислэг хуваарийн дагуу явагдах бөгөөд хурдны зам, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний замын хөдөлгөөнд хүчний байгууллага хяналт тавих аж. Иргэд зөвхөн онцгой тохиолдолд тусгай маягт бөглөн хот хооронд зорчих эрхтэй. Ингэхдээ:
1. Эрүүл мэндийн шалтгаанаар,
2. Албан ажлаар /муж, хот захиргааны албан ёсны бичигтэй/,
3. Зайлшгүй шаардлагаар дэлгүүрээр үйлчлүүлэх,
4. Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн эх орондоо буцах тохиолдол тус тус хамаарна гэжээ.
Италийн Дотоод хэргийн яамнаас гаргасан тусгай маягтыг ЭНЭ линкээр татаж авах бөгөөд тус улсын Засгийн газраас иргэн бүрт гэртээ байж, гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхийг уриалав.
~Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсаар холбогдоно уу~
Монгол Улсад шинэ төрлийн коронавирус (covid-19)-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас…
Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт нислэгийн 2020 онй 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох,
Монгол, Оросын хилийн авто замын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох зэрэг шийдвэр гаргасан.
Тиймээс Итали улсад аялал жуулчлалын болон 90 хүртэлх хоногоор түр оршин суух эрхийн хугацаа нь дээрх шийдвэрт дурдсан хугацаанд дуусаж байгаа Монгол Улсын иргэд 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөрт багтаан Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсаар яаралтай холбогдохыг анхааруулсан байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам