Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хүлээлгэн өглөө /2020-08-21/.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан,
“Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хэрэв халдвар гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангасан байх нь нэн чухал учраас бид яаралтай авах арга хэмжээнд бэлтгэж, энэхүү уушги, зүрх орлуулагч ECMO аппартыг өнөөдөр УНТЭ-т хүлээлгэн өгч байна.
Шинэ төрлийн Коронавирусын халдвар нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Нөгөөтэйгүүр манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм. Уг аппаратыг УНТЭ-т суурилуулж, ашиглалт, аюулгүй ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийг сургах сургалтууд өнөөдрөөс хийгдэж эхэлж байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий болж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөнүүд донор нь гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм” гэлээ.