Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах зорилгоор ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
Ц.Ганзориг: -Маргаашнаас эхлээд БНХАУ, Монгол Улс хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 6000 монгол иргэн урд хөршөөс орж ирсэн байна. Харин маргаашнаас эхлээд хил 100 хувь хаагдана гэж ойлгож болно.
~Монгол улс БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаа хаахаар боллоо~
Урд хилээс нислэг болон төмөр замаар аль ч улсын иргэн нэвтрэх боломжгүй болно. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал Консулын газар, Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй. Зайлшгүй авч ирэхээр болсон тохиолдолд тусгай нислэгээр авч ирж, тусгаарлана.
Ж.Бямбасүрэн: -Замын-Үүд, Гашуунсухайт боомт, Буянт-Ухаа боомтын агаарын хилийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 1-нээс боомтуудаар БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжиж ирсэн бусад орны иргэдийг нэвтрүүлээгүй. Маргаашнаас хойш Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг Гадаад харилцааны яам хариуцна.