Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө.
Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.
~Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа~
Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1400 өрхийн 5600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой.
Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна.