Бидний багад аав ээж нар дүрсгүйтсэн хүүхдээ зэмлэхдээ “Аятайхан байхгүй бол арьсыг чинь амьдаар нь хуулна шүү” гэдэг байж билээ. Амьд амьтны арьсыг хуулна гэж байдаг л юм билээ.

Тэд Сорлог сайхан арьстай төрсөндөө буруутай гэж үү…

Тэсгим хүйтэн өвлийн улирал эхлэхэд хүн болгон дулаанаас гадна бусдын харцыг булааж, атаархлыг төрүүлэх элдэв чамин хувцсаа бэлтгэнэ.

Маш олон бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл шаналгаа, маш олон гэр бүлүүдийн эдийн засаг болон дотоод харилцаанд зөрчил учруулдаг зүйл нь булган шуба. Бүсгүйчүүдийн өөрийгөө болон эр нөхрөө бусдын өмнө “баян”, “эрхэмсэг” болгож харагдуулах гэж хүсдэг булган шуба нь хэмжээ болон хэлбэрээсээ хамаараад хэдэн арван сая төгрөгийн үнэтэй.

Харамсалтай нь “булган шуба өмсөөгүй бол хүний тооноос хасагдчих” гээд байгаа бачимхан бодол, өчүүхэн шуналдаа энэ тухай бодохыг ч хүсэхгүй. Хамаг байдгаа барж, өөрт байгаа арга чарга бүхнээ шавхан байж авч өмссөн булган шубаны дотроос бусдын атаархлыг өөртөө татах гэсэн ядмагхан төрх, хуурамч ихэмсэглэл, өөрт нь огт зохихгүй байгаа жүжиглэл оршиж байгааг анзаарахгүй. Толгой дотроо эрдэмгүй хэрнээ гаднаа баян болох гэж ядаж байгаа тэдний төрх бусдад инээдэмтэй эмгэнэлтэй харагдаж байгааг ухаарахгүй.

Булган шубыг яаж хийдэг гээч…

Нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь өвчдөг. 3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог үстэй байдаг гэнэ. Булганы амь нь тасрахад арьсны сорлог үс нь “үхэждэг” учир заавал амьдаар нь өвчих шаардлагатай юм байна.

Амьдаараа өвчүүлсэн нялх булга 10-15 минут тарчилж байж үхдэг гэнэ. Тийм болохоор өндөр хөгжилтэй орнуудад амьтны арьсаар хийсэн хувцаснаас татгалздаг болсоор удаж буй. Амьтны арьсаар хийсэн хувцас өмссөн хүнийг баярлаж бахадсан биш, гайхаж зэвүүцсэн харцаар хардаг юм. Учир нь тэр амьтад чинь хүмүүс бидэн шиг жаргал зовлонгоо хуучилж чадахгүй ч нэгэн арьсан дотор оршиж байгаа адил махбодь билээ.

Маш сорлог, гоёмсог булган шуба өмссөн сайхан бүсгүйчүүдийн нуруун дээр амьдаараа өвчүүлж, олон минут тарчилж үхсэн тэр л балчир булгануудын сүнс нь шингэж явдаг юм. Энэ ертөнцөд дөнгөж мэндлээд хэдхэн сарыг элээгээд амь тавсан тэд, сорлог сайхан арьстай төрсөндөө л буруутай гэж үү?

Бүсгүй та сайхан харагдаж байнаа. Ялдам инээмсэглэл, эрхэмсэг бардам төрх, ухаалаг харц. Гэхдээ булган шубаны дороос тийм ч сайхан харагдахгүй байна шүү. Учир нь таны дотоод сэтгэл тань булганы сороос илүү гайхамшигтай. Зүгээр л өөрийнхөөрөө байгаа тань л хамгийн сайхан

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу