Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн иргэдэд олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөө өглөөнөөс эхлэн иргэдийн баталгаажсан дансанд шилжиж эхлээд байна.
Нийт буцаан олголт авах иргэдийн 359 мянга 170 иргэний 14.9 тэрбум төгрөгийн буцаан олголтод эрсдэл тооцсоноос 996 иргэнд 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулж дуусжээ.
Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг.
2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийн урамшууллыг “эрсдэлтэй” гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.