Сэлбийн 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

626
selbe-gol
Сэлбийн 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, Дамбадаржаа гэсэн чиглэлүүд рүү замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Мөн 7 буудал, Чингэлтэйн чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ярилаа.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр баригдаж буй 60 метр, 30 метр, 24 метр урттай зэргэлдээ гурван гүүрийн ажил хийгдэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 60 метр гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, 24 метр гүүрийн ажил 80 хувьтай, 30 метр гүүрийн ажил 65 хувьтай хэрэгжиж байна. Цаашид уг гүүрнүүдийг холбосон 6.6км урт авто замын ажил хийгдэнэ.

Сэлбэ дэд төвд эдгээр гүүр, авто замын ажлууд дуусч ашиглалтад орсноор 7 буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40 хувьтай буурна. Дээрх ажлуудыг 2020 оны III улирал гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу