2020-05-14

СЭРЭМЖИЛ: Төв, Хэнтийн нутагт цасаар шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно

tsag-agaar-gamshig
Төв, Хэнтийн нутгаар цасаар шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно

ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Маргаашаас төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Зарим нутгаар байгаль, цаг агаарын гаралтай гамшигт болон аюултай үзэгдэл болохыг анхаарууллаа.

ӨГЛӨӨНИЙ НАРАНД ХУУРТАЖ, НИМГЭН ХУВЦАСТАЙ ГАРАХГҮЙ, ХҮҮХДЭЭ МАЛД ЯВУУЛАХГҮЙ, МАЛАА ХОЛЫН БЭЛЧЭЭРТ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал,

“Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг хүргэе. Маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Эдгээр аймгуудад цаг агаарын гамшигт үзэгдэл болох нь.

Мөн маргааш өдөр Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна. Энэ бол цаг агаарын аюултай үзэгдэл.

14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Энэхүү үзэгдлийг яагаад онцгойлон анхааруулж байгаа вэ гэхээр 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй байгаа.

2008 онд болсон гамшигт үзэгдлийн үеэр цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэсээр байсан ч 52 хүний амь эрсдэж, 324,000 мал хоргодож, эрчим хүчний болон холбооны шонгууд нурж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр хийсэж байсан.

Гамшигт үзэгдэл нь хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн боловч хүний амь нас эрсэдсэн нь иргэдийн хайхрамжгүй байдлаас ихээхэн шалтгаалсан. 2008 оны тавдугаар сарын 26-ны өглөө цаг агаар тогтуун дулаахан байсан. Энэ удаагийн үзэгдэл яг түүнтэй адил байх төлөвтэй байна. Маргааш өглөө эдгээр аймгуудад сайхан дулаахан, багавтар үүлтэй байх ч 14:00 цагаас хойш температур огцом унаж, цасан болон шороон шуурга шуурна. Тийм учраас өглөөний наранд хууртаж, нимгэн хувцастай гарахгүй, хүүхдээ малд явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулж байна. 2008 онд өглөөний наранд хууртсанаас болоод хүний амь эрсдэхэд хүрсэн.

~Төв, Хэнтийн нутгаар цасаар шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно~

16-ны өдрөөс үзэгдлийн эрч хүч нь буурах хэдий ч зүүн гурван аймгийн нутгаар 16-17-нд үргэлжлэн хур тунадас орж, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурах тул урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах зэрэг арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

ТАВДУГААР САРЫН 15, 16-НЫ ӨДРҮҮДЭД МАЛАА УРУУДАХААС СЭРГИЙЛЭХ, ХАШАА ХОРООНООСОО ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн,

“Цаг агаарын гамшигт болон аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань цаг агаарын мэдээллийг тогтмол авч хэвших, бусдад дамжуулж байх хэрэгтэй байна.

Тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд малаа уруудахаас сэргийлэх, хашаа хорооноосоо гаргахгүй байхыг зөвлөж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хүүхдүүдийг хөдөө өөвөө, эмээгийнх рүү нь, хамаатан садных руугаа явуулсан байгаа. Тийм учраас бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хээр гадаа үлдээхгүй байх, гадна тоглуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн амралтын өдрүүд тохиож байгаа учраас хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс энэ амралтын өдрүүдээр аль болох хол замд гарахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа зүүн аймгуудад зорчихгүй байх хэрэгтэй.

Төөрөх, осгох, шуурганд уруудах гэх мэт нөхцөлд орвол онцгой байдлын байгууллагад шуурхай мэдээлэх хэрэгтэй. Дуудлага оройтвол аливаа эрсдэл нэмэгддэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад орон нутгийн замыг хаах, хөдөлгөөн хязгаарлах шийдвэрүүд гарч магадгүй. Энэ нь иргэн таны амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой юм шүү. Хүчтэй салхины үеэр гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс ил гал гарахгүй байх, халуун цогтой үнсийг ил задгай асгахгүй байх, өнжмөл шар өвс, хогийг шатаахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.