Хотын дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж, Хүүхдийн элч нар үнэмлэхээ гардав

777
Хотын дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж, Хүүхдийн элч нар үнэмлэхээ гардав

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл энэхүү өдөр өнөөдөр /2021-05-27/ тохиож байна. Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх, ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд тус өдрийг санаачилжээ. Энэ ч хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн стандартыг бий болгосон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар,

Хүүхдээ сонсох өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл болон Хүүхдийн элч нартай уулзлаа. Энэ үеэр Хотын дарга “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот болгохын төлөө хичээнгүйлэн ажиллана. Хүүхдийн ирээдүй сүүдэргүй, аюулгүй байх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй хот, орон нутаг” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр болж, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавиад байна. Цаашид хүүхдэд ээлтэй хот байхад анхаарсан олон ажлыг зохион байгуулах болно” хэмээн хэлж, хүүхэд насныхаа мөрөөдлийг хүүхдүүдтэй хуваалцсан юм. Мөн тэрбээр хүүхдүүдэд “Зорилгоо зөв тодорхойлж, өөртөө итгэлтэй байж, бусдад тусалж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй” гэж захисан юм.

Дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл охидын үзлэг хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар хэлж, номын санд сурах бичгээс өөр төрлийн, танин мэдэхүйн ном ховор байдаг. Мөн дүүргүүдэд байдаг Усан спорт, сургалтын төвийг хүүхдэд хөнгөлөлттэй байхад анхаарахыг Хотын даргаас хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхдүүдийн санал, санаачилгыг цаашдын ажилдаа тусгаж ажиллахаа илэрхийлж, хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ.

“Хүүхдээ сонсох өдөр”-ийг угтан дүүрэг бүр хүүхдийн чуулганаа цахимаар зохион байгуулжээ. Улмаар хүүхдүүдийг төлөөлж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх Хүүхдийн элч нараа дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж, сонгосон байна. Ийн өнөөдөр Хүүхдийн элч нар андгай өргөн, Нийслэлийн Засаг даргаас үнэмлэх, тэмдэг, батламжаа гардан авлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элчээр реппер Н.Цэцэнбилэг, Хан-Уул дүүргийн Хүүхдийн элчээр дуучин С.Гантогоо, Баянзүрх дүүргийн хүүхдийн элчээр “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн нар сонгогджээ. Хүүхдийн элч нар нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд гурван жилийн хугацаатай ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу