Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт хийж байна

724
asuumj-towchoo
Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт хийж байна

Улаанбаатар хотын автотээврийн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон иргэдээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор асуумж авч байгаа талаар НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа мэдээллээ.

Монгол Улс орон даяар энэ оны хоёрдугаар сараас эхэлж өндөржүүлсэн бэлэн байддлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлэн Улаанбаатар хотын шилжин суурьшилтын талаарх мэдээллийг системтэйгээр цуглуулж, онцгой байдлын үед авах арга хэмжээ, бодлого боловсруулах зорилготойгоор шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч тандалт судалгааны ажлыг хийж байгаа юм.

Хоёрдугаар сараас эхэлж шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хөдөлгөөн их чиглэж байгаа нь ажиглагджээ. Мөн шалган нэвтрүүлэх товчоодоор нийслэл хотод нэг сарын хугацаатай зорчих иргэд 62 хувь, 7 хоног зорчих иргэд 16 хувь, нэг өдөр зорчих иргэд 14 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гарсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа өглөө.

Дэлхийн 80 гаруй оронд туршигдсан энэ судалгааны аргыг Монгол улсад анх удаа хэрэглэж байна. Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирусийн үед ашиглаж эрсдлээс хамгаалж байжээ. Шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс асуумж авч ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу