Эгчийнхээ 3 хүүхдийг өсгөж буй “БАЯН ААВ”-д 2 өрөө байрны батламж гардууллаа

553

2020 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг юм. Энэ ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болсон.Иймд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн юм. Энэхүү сайн үйлсийн аянаа ХЗДХЯ-нд танилцуулсан даруйд салбарын сайд Х.Нямбаатар албан үүргээ биелүүлж явах үеэр галын аюулд өртсөн тухайн албан хаагчид туслах “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай алба хаагчийг орон сууцтай болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХЯ түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгосон.

Ингэснээр цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэний гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж дээр дурдсан байгууллагууд, алба хаагчид, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” нэгдэл, Хан-Уул дүүргийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани, хувь хүмүүсийн хандиваар Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших “Дулаахан байр-3” хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн Дэд сайд С.Баатаржав албаны бусад хүмүүсийг байлцуулан гардуулан өглөө.Ингэхдээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Манлайбаатарын ахласан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, “Улаанбаатар буйдан” ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд “Нүүдэл” брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол “Summit” ХХК-ийн PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан юм.

Энэ мэтээр олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өглөө.Албан үүргээ гүйцэтгэж явахдаа ар гэр нь галын аюулд өртсөн ч өргөсөн тангаргатаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр алба хашин, ард түмнийхээ “Амар тайван амьдралын төлөө” зүтгэж яваа цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд чин сэтгэлээрээ тусласан бүхий л хүмүүст хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс талархаж буйг хүлээн авна уу.Эх сурвалж: ХЗДХЯ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу