2020-02-07

Эцэг, эхчүүд хөл хориотой хугацаанд хүүхэддээ хараа хяналтаа сайн тавиарай

baatarbileg
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

УИХ-ын нэгдсэн чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонссон. Хуралдаанд салбарын сайд нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм.

“Засгийн газраас вирусний эсрэг арга хэмжээ цаг тухайд нь шуурхай авч ажиллаж байна. Улсын онцгой комисс шуурхай хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дагуу БСШУС-ын сайдын тушаал, аймаг, нийслэлийн засаг дарга нарт өгсөн чиглэлүүд гарч хүргэгдсэн. Энэ дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотой цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн багш нарыг байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, суралцагсадтай холбоо тогтоож ажиллах чиглэлийг хүргүүлсэн.

~Эцэг, эхчүүд хөл хориотой хугацаанд хүүхэддээ хараа хяналтаа сайн тавиарай~

Багш нар заавал ажлын байрандаа ажиллахгүй гэрээсээ ч сурагчидтайгаа холбоо тогтоох боломжтой. Өмнө нь хөл хорио тогтоож, сургалтын үйл ажиллагааг зогсоож байсан тохиолдол байгаа боловч энэ удаагийнх онцгой нөхцөл учраас ингэж ажиллах чиглэл өгч, цалин, нэмэгдэл, урамшууллыг ажилласнаар тооцож олгох шийдвэр гараад хэрэгжээд явж байна.

Мөн хүүхдээ хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах чиглэлд эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ бол хөл хорио тогтоосон болохоос сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй баймаар байна. Гэр бүл хамаатан саднаараа, хоол үйлчилгээний газраар дагуулж явахгүй. Гэрт нь хичээл сургалтад нь хамруулах хэрэгтэй.

Гэртээ байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, ахуйн осол гэмтлээс эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байгааг дахин дахин хэлж байна.

Багш нарын хувьд хавар 6 сар хүртэл нилээд зүтгүү, шахуу ажиллах тул хичээлийн бэлтгэлээ сайтар базааж авах ёстой шүү. Олон нийтийн дунд багш нарыг амраасан гэсэн ойлголт яваад байх шиг байна. Энэ бол амралт биш хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдал гэдгийг ойлгох хэрэгтэй.” гэсэн юм.

Эх сурвалж: БСШУСЯ