Яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна гэв

1129
yaraltai-turgen-tuslamj
Яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна гэв

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан/2020.01.10/ оройн 23.00 цагт ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа.

Хотын даргын тус төвд ажиллаж байгаа тухай мэдээллийг аваад тус төвийн удирдлагууд хүрэлцэн ирж, хамтдаа ажлын ширээний хойно сууж, ажил хэргийн асуудлаар санал солилцлоо.

Хурандаа О.Зоригт “Бид дуудлагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны 01 сараас эхлэн дуудлага өгсөн иргэнд эргээд мессэжээр хариу өгдөг зохицуулалтыг туршилтаар хэрэгжүүлээд явж байна. Удахгүй техник технологийн асуудлаа шийдээд дуудлага өгсөн бүх иргэдэд өгсөн дуудлага нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгдөг болно” гэв. Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхний ажлын онцлог, ачааллыг бид сайн ойлгож байгаа. Улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор шийдвэрлэх олон асуудал бий. Түүний нэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах төдийгүй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал. Иргэд яарч, сандарсан, өвдөж зовсон үедээ эмнэлэг, цагдаа, онцгойгийнхонд ханддаг.

~Яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна гэв~

Тиймээс бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг энэ гурван байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Тийм ч учраас бид оны өмнө Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтэд зориулж туулах чадвар сайтай 19 автомашиныг шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд 180 гаруй автомашин байх ёстойгоос өдгөө 45 автомашин үйлчилгээнд явж байгаа. Тиймээс цаашид түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг судлан шийдвэрлэхийг зорьж байна. Мөн дуудлага шуурхай очдог болохын тулд хотын хаягжилтыг тодорхой болгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн Улаанбаатарын камержуулалтыг сайжруулах асуудлыг бид Засгийн газар, салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Хотын зүгээс хөдөлгөөнт эргүүлүүдэд олгосон Лада маркийн шинэ машинууд гэр хороололд явахад зам голохгүй үнэхээр тохиромжтой байгааг Хотын даргад уламжилж, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техникийн шийдлийг боловсронгуй болгоход анхаарахаар болсонд талархал илэрхийлээд албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийн өөрсдийн боломжоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа, энэ асуудлын хүрээнд тулгараад байгаа газар болон бусад асуудалд анхаарч өгөх”-ийг хүссэнээр ажил хэргийн уулзалт өндөрлөлөө.

Дашрамд дурьдахад иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр үүрэг гүйцэтгэж байгаа 103, Цагдаа, Онцгой, гал командын автомашинд зам тавьж өгөөрэй гэдгийг хүсэх байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу