2021-04-07

8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө

Энэ жилийн тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг зохих журмын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.

Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийлүүлж байгаа 4.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3 мянган тонн үр замд яваа мэдээлэлтэй байна.

~8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө~

Тариалалтын үед тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаанбуудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбарууд болон алслагдсан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.