“Apprentice Mongolia” шоуны ялагч тодорлоо

1345

Монгол телевизийн уран бүтээл “Аппрентис Монгол” шоуны ялагчаар Ц.Бархас тодорлоо. Ялагч болсноор Ц.Бархас Ард санхүүгийн нэгдлийн салбар компанийн захирлын албан тушаалд томилогдож, жилийн 200 сая төгрөгийн цалин шагнал урамшуулал авахаар боллоо. Тэрбээр “Надад хүлээлгэсэн итгэлийг би дааж ажиллана” гэлээ.

Хамгийн сүүлчийн шийдвэрлэх шатанд оролцогч Ц.Бархас, О.Энхжин нар тунан үлдсэн бөгөөд тэдэнд 15 сая төгрөгийн төсөвтэйгөөр хандивын үйл ажиллагаа зохион байгуулах даалгавар өгсөн юм.

Ч.Ганхуяг захирал “Өнөөдөр та хоёроос би илүү их манлайлал шаардах, тэр бүр нийгэмд зөв ойлгогдоод байдаггүй даалгавар өгнө. Үнэлгээг гаргахдаа би арга хэмжээний чанар чансаа, сонгож байгаа асуудал, зохион байгуулах ур чадвар, мэдээж цугласан мөнгө зэргийг харгалзан үзнэ” гэсэн юм.

Уг даалгаварт Ц.Бархасын баг 57 сая төгрөг, О.Энхжингийн баг 22 сая төгрөгийн хандив цуглуулсан.

Шилдэг хоёр оролцогч өөрсдийн багийг бүрдүүлэх ёстой байлаа. Сонирхолтой нь тэдэнд өмнө нь оролцож байсан бүх оролцогч туслахаар болж, Ц.Бархас, О.Энхжин хоёр хамтрах багийн гишүүдээ өөрсдөө сонгосон юм.

Ц.Бархас багийн гишүүдийн хамт “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” хандивын аян зохион байгууллаа. Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийг дэмжиж хандивын арга хэмжээ зохион байгуулсан. Тэрбээр хандивын арга хэмжээнд “2026 онд зүрхний гажигтай төрсөн мянган хүүхдэд хагалгаа хийнэ гэж зорилго тавьсан. 2020 ондоо багтаагаад 40 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч олон сайхан хүмүүсийн хандиваар 47 хүнд хагалгаа хийжээ” гэсэн юм.

О.Энхжингийн Alpha баг “Veloo Foundation” сангийн санаачилсан  Улаанчулуутад “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байгуулах төсөлд санхүүжилт босгохоор зорьсон.

Даалгаврын дараа Чэйрмэн Ч.Ганхуяг оролцогчидтой хуралдаж, О.Энхжин, Ц.Бархас нараас “Яагаад өөрийг чинь сонгох ёстой вэ?” гэх  асуултад:

Ц.Бархас: “Өмнө нь би санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Сүүлийн 4 жил бизнесийн байгууллагад ажиллаж үзлээ. Маш олон хүнийг удирдаж үзлээ. Одоо би буцаад санхүүгийн байгууллагад  орох үе болсон гэж бодож байна. Өмнөх туршлага болон өнгөрсөн хугацаанд олж мэдсэн сурсан зүйл маань ажиллаж чадах итгэл үнэмшлийг өгч чадах юм байна гэж бодсон.” гэв.

О.Энхжин: “Хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэг чигт харж чадах хэрэгтэй гэж боддог.  10 даалгаврын хугацаанд танаас харсан зан чанарууд минийхтэй төстэй юм болов уу гэж харлаа. Хоёрт ёс зүйтэй ажиллахыг эрмэлздэг, гуравт би ээж хүн. Тэр утгаараа би нийгэмдээ сайхан зүйлийг бүтээе гэсэн чиг баримжаатай хүн. Тэр утгаараа тантай төстэй юм болов уу гэж бодож байна.” гэлээ.

 ӨМНӨХ ДУГААРУУДААС ЭРГЭН САНУУЛАХАД

1. Багууд “Жүр Үр” бэйкеригийн цоо шинэ багц үүсгээд, борлуулалт хийж, байгууллагуудтай гэрээ  хэлцэл хийх байв

Alpha багт: Энхжин, Бат-Оюун, Эрдэнэбаяр, iGen багт: Ананд, Цэрэнтогтох, Бархас нар өрсөлдсөн юм.  Alpha  багийнхан бялдаржуулах төвүүд болон кофе шопуудтай хамтарч ажилласан. Тэд 1000 гаруй төгрөгийн илүүгээр ялалт байгуулж, Mont Blanc  брэндийн үзгээр шагнуулсан. Харин ялагдал хүлээсэн iGen багийн гишүүн Ананд, Цэрэнтогтох хоёр хасагдах өрөөнд үлдсэн ч Чэйрмэн нэг удаа боломж олгож үлдээсэн юм.

2. Нарантуул худалдааны төвд бараа аваад борлуулалт хийх даалгавар байв. Багуудаас хамгийн их ашиг хийсэн нь ялалт байгуулах ёстой байлаа. iGen: Ананд, Цэрэнтогтох, Бархас,  Alpha баг: Эрдэнэбаяр, Энхжин, Бат-Оюун өрсөлдөж, iGen 3 сая төгрөгийн борлуулалттайгаар ялалт байгуулсан. Ялалт байгуулсан iGen багийнхан нисдэг тэргээр Тэрэлж зочид буудалд очиж амрах эрхээр шагнуулсан.

3. Таван оролцогч тус бүрдээ бие даан “Ард мэнд” даатгалын бүтээгдэхүүнийг томоохон 11 компанийн захирлуудад танилцуулж гэрээ байгуулах ёстой байлаа. Энэхүү даалгавраас Ананд, Эрдэнэбаяр, Цэрэнтогтох нарыг хассан юм.

Зургийг: Mongol TV

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу