Би сэтгэдэг учраас тоглодог – Андреа Пирло

885
Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлог мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй биз. Тэгвэл Пирлогийн амьдрал, хөлбөмбөгийн дотоод ертөнцийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн “Би сэтгэдэг учраас тоглодог” ном худалдаанд гарахад тун ойрхон болжээ.

Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлог мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй биз. Тэгвэл Пирлогийн амьдрал, хөлбөмбөгийн дотоод ертөнцийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн “Би сэтгэдэг учраас тоглодог” ном худалдаанд гарахад тун ойрхон болжээ. Монголын спортын тэргүүлэх сайт Csports.mn сайт албан ёсоор эрхийг нь авч, Италийн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч орчуулагч, сэтгүүлч Г.Баярсайханы орчуулгаар хөлбөмбөг сонирхогч та бүхэнд хүрч байна. “Улаанбаатар Принтинг” компаний ивээн тэтгэсэн Андреа Пирлогийн номны өмнөх үгийг та бүхэнд хүргэе.

Өмнөх үг

Дэлхийд анхны их сургуулийг нээснээрээ Италийн Болонья хот түүхэнд бичигддэг. Хүн төрөлхтөн боловсролоо албан ёсны болгож, боловсролын даяаршил эхэлсэн бөгөөд үнэлэмжийн хувьд олон янз болжээ. Одоогийн үнэлгээгээр хамгийн өндөр цол хэргэм бол профессор. Профессор гэдэг нь тухайн салбартаа дээд зэргээр мэргэшсэн, олон жилийн судалгаа, бүтээл туурьвил хийсэн салбарын тэргүүлэх хүнийг хэлнэ.

Боловсролын тогтолцооны профессор гэх хэргэм хөлбөмбөгт байхгүй. Харин хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн “профессор”-уудаа “хаан”, “бурхан”, “шидтэн” гээд онцлог бүрээр нь өөрсдийн бахархалын нэрийг өгдөг боловч “профессор” гэж авгайлуулсан хөлбөмбөгчин Андреа Пирлогоос өөр байхгүй болов уу!

Андреа Пирло хэмээх Италийн жирийн нэг айлаас гаралтай, даруу төлөв хөлбөмбөгчин яаж яваад хөлбөмбөгийн “профессор” болчихов. Яг л Чэзарэ Прандэллигийн тодорхойлсноор:Пирло бол хил хязгаар, дүрэм журамд баригддаг тоглогч биш” юм. Дүрэм, журам бол дунджуудад зориулсан зүйл. Агуу тоглогчид үргэлж үүний гадуур байдгаараа ялгардаг. Марадонаг хар, Пэлэг сана, Гарринчагийн тоглолтыг үз. Зөвхөн Кроиффт түшиглэсэн TOTAL FOOTBALL буюу  “нийтийн хөлбөмбөг”-ийг алдарт дасгалжуулагч Ринус Михэлс сэдэж, дэлхий нийт түүнийг нь биширч, одоог хүртэл үргэлжилсээр байна. Кроифф бол шигшээ багийнхаа “нийтийн хөлбөмбөг”-ийн дүрмэнд баригддаггүй ганц тоглогч. Дараа нь Бэкэнбауэр залгамжилсан. Ямарч шинэчлэл өөрийн гэсэн хугацаатай. Орчин үеийн хамгаалалтыг Кроифф, Бэкэнбауэрийн арга барилаар эвдэж чадахгүй бөгөөд өнөө үеийн төвийн бүсийн “дүрэмгүй” тоглогч нь Пирло болж хувьсчээ. Энэ бол агуулга нь адилхан, хэлбэр нь өөрчлөгдсөн хөлбөмбөгийн олон олон хувьсалын үргэлжлэл юм.

Хөлбөмбөг сонирхогч та нэг юмыг бодоод үз. Пирло бөмбөг алдаж байхыг харсан уу? Жигүүрт л эрх чөлөөг эдэлдэг орчин үеийн хурдтай тоглогчид талбайн төвд, тэгээд бүр эсрэг багийн голд Пирло шиг тайван, бөмбөгөө алдахгүй байж чадна гэж үү!

2004 оны Европийн аваргын эхний тоглолтонд Данитай хуурай тэнцээ хийсний дараа дасгалжуулагч Жиованни Трапаттони, Кристиано Занэттигийн оронд Пирлог гараанд гаргасан нь арван жил шигшээ багаа удирдах эхлэл нь байлаа. Хамгаалалт голлосон итали арга барилд төвийн хагас хамгаалалтын ямарч хувилбарт тоглож чаддаг Пирло төгс зохицож байсан юм. Италийн хөшүүн, удаан хамгаалалтын урд ахиад хамгаалалтын тоглогч тоглосон бол орчин үеийн хурдтай хөлбөмбөгт италийн шигшээ багийн түүх өөрөөр бичигдэх байсан биз ээ. “Профессор” нь гэмтээд 2010 оны Италийн тоглолт Словак, Парагвай, Шинэ Зеландаас илүү гараагүй. Өмнөх аваргын гутамшигтай хожигдлоос илүү Пирло тоглоогүй нь илүү яригдаж байсан гэхээр Марадонагаа алдсан 1994 оны Аргентинийг санагдуулам. Та бүхэн санаж байгаа бол Аргентин биш, эхний хоёр тоглолтоос хойш тоглоогүй Марадонаг бүх хүн ярьж байлаа. 1966 оны Пэлэ ч ийм байсан.

Итали шиг дуурийн эх орон удирдаачгүйгээр эмх замбараагүй хөгжим хангинуулж, дуучид нь хичнээн мундаг хоолойтой ч хөгжимтэйгтэйгөө ямарч уялдаагүй болсон мэт. Тэгэхээр Италийн шигшээ багийн сүүлийн арван жилийг Пирлогүйгээр төсөөлөхийн аргагүй. Пирлотой итали нэг өөр, Пирлогүй итали нэг өөр!

Симфони дугаа адил Пирло бол гоцлол дуучин биш гүнээс найруулдаг удирдаач. Роналду, Мэссигийн тоглолтыг хажуунаас нь харах дуртай байдаг бол Пирлотой хамт тоглохыг хүсдэгт л үүний хариулт оршино.  Ийм л учраас хөгжөөн дэмжигчид түүнийг “профессор” гэдэг. Бүгдийг зохион байгуулдаг удирдаач бус, гоцлол дуучин илүү хүндлэл хүлээдэг урлагийн шүүлт хөлбөмбөгт яг адилхан буудаг нь бичигдээгүй хууль.

Итали бол агуу Ромын эзэнд гүрэн шигээ хөлбөмбөгийн арвин түүхтэй улс. Дэлхийн дөрөв, Европийн нэг удаагийн аварга. Катэначчио буюу арын нэг чөлөөт тоглогчтой хувилбарыг тэд дэлхий нийтэд таниулсан. Швейцарчуудын үүсгэсэн боловч ашиглаж чадаагүй арга барил тэднийх. Хамгаалалтаас гадна тэд довтолж чаддагийг 1934, 1938 онд харуулж билээ. Бразил довтолдог бол Итали хамгаалдаг. Бразилын хамгаалалт сайн, италийн довтолгоо сайн байвал түрүүлдэг онцлогтой. Тийм дээ ч 20-р зууны италийн шилдэг хөлбөмбөгчнөөр хамгаалагч Франко Барэзи шалгарч байлаа. Хөлбөмбөгийн агуу түүхт Аппенейн хойгоос Жузэппэ Меацца, Жанни Ривэра, Луижи Рива, Дино Зофф, Франко Барэзи, Робэрто Бажо, Паоло Малдини, Фабио Каннаваро нар төрөн гарсан бол удахгүй Андреа Пирло гэдэг нэр нэмэгдэх боллоо. Хөлбөмбөгийн “профессор”, “архитектор”, “удирдаач”, “маэстро”, “Моцарт” нэрийг хөгжөөн дэмжигчидээсээ авсан Андреа Пирлогийн номыг таалан соёрхоно уу!

Пирло бол чимээгүй лидэр. Тэр хөлөөрөө ярьдаг юм.

                                                                          Марчэло Липпи

Б.БАТЗАЯА

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу