“Фэйсбүүк” сайт нь олон зуун сая хэрэглэгчийн нууц үгийг аюултай байдлаар хадгалж байсан нь тогтоогдож, дахин шуугиан тариад байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд “Фэйсбүүк” сайтын аюулгүй байдал, нууцлалтай холбоотой асуудлууд нилээд хэдэн удаа сөхөгдөөд байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд “Фэйсбүүк” нь хэрэглэгчдийнхээ нууц үгнүүдийг дотоод дата хадгалалтын системдээ уншиж болохуйц амар хялбар байдлаар хадгалж байсан нь ийнхүү асуудал дагуулаад байна.
Тухайлбал 200-600 сая орчим хэрэглэгчийн нууц үг, мэдээлэлд Фэйсбүүкийн 20,000 ажилтан чөлөөтэй нэвтэрч унших боломжтой байдлаар датагаа хадгалж байжээ. Ямартай ч, эх сурвалжийн мэдээлснээр хэрэглэгчдийн нууц үгийг гадагш бол задруулаагүй, гэхдээ Фэйсбүүкийн дотоод ажилтнууд хэрэглэгчдийнхээ нууц үгээр нэвтрэх боломжтой байх нь ихээхэн эрсдэлтэй юм. Тэр ч үүднээс уг асуудлыг бүрэн цэгцэлж, дата мэдээллээ өөр байдлаар хадгалах, аюулгүй байлгахад анхаарч байна гэх тайлбарыг төлөөлөгч нь хэллээ.
~”Фэйсбүүк” хэрэглэгчдийн “НУУЦ ҮГ”-ыг найдваргүй байдлаар хадгалж байжээ~
Мэдээллийн технологийн аюулгүй байдлын програмчлалын томоохон фирмийн ажилтан Фэйсбүүкийн дата төвөөр зочлох үедээ уг эрсдэлийг олж харсан бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээлэл, нууц үгээ аюулгүй хадгалахад анхаарахыг уриалжээ. Үүний дагуу Фэйсбүүкийн ажилтнууд арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.
Ямартаа ч энгийн байж мэдэх ч, хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хүргэж байна
-Юун түрүүнд Фэйсбүүк, Инстаграм Gmail, Apple ID зэрэгтээ амар хялбарыг нь бодоод нэг нууц үгтэй байлгадаг явдлаа болих хэрэгтэй. Хүмүүс нэвтэрч орохдоо цаг хэмнэх, эргээд санахад амрыг нь бодоод нийгмийн харилцааны сайтууд, имайл, Apple ID төлбөрийн нууц үгээ ихэвчлэн адил байдлаар хадгалдаг. Энэ нь мэдээлэл алдагдах, цаашлаад санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болгоход хүргэж болзошгүй.
-Мөн та Facebook, Google Mail зэрэгтээ өөр гар утас, компьютероос орохдоо “Automatically login next time” гэх сонголтыг маш хурдтайгаар сайн анзаарахгүйгээр сонгоод орчихдог. Энэ тохиолдолд тэрхүү төхөөрөмжүүд дээр таны нууц үг, мэдээлэл хадгалагдаад үлдэх, өөр хэн нэгэн нэвтрэх боломжтой юм. Хэрэв танд “Unrecognized login” гэх alert буюу сануулга ирвэл, зориуд цаг гаргаж орж үзээд, хаанаас ямар төхөөрөмжөөс орж байгаа байршил, нэвтэрсэн цаг, ашигласан интернет браузер зэргийг нэг шалгаад үзчихэд илүүдэхгүй.
-Түүнчлэн та нууц үгнүүдээ мартчих гээд байдаг бол нууц үгнүүдээ хадгалах, санахад тусалдаг LastPass, 1Password гэх мэт “password manager”-ыг зөвлөе. Нууц үг оруулахдаа өөрийнхөө утасны дугаар, машины дугаар, төрсөн он сар зэргээ оруулахаас илүүтэйгээр аль нэг ном, кино дээрээс танд хамгийн таалагддаг ишлэл, холбоо үг зэргийг ашиглах нь илүү найдвартай юм.