Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

356
baraanii-temdegtiin-zaalt
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.04.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

~Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв~

Байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн хуулийн төсөлд зохих өөрчлөлтийг тусгах, Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци болон Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зэрэг зарчмын зөрүүтэй 4 санал болон найруулгын шинжтэй 2 саналыг ажлын хэсгээс тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Ц.Мөнхцэцэг гишүүнээс хариулт, тайлбар авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу