Г.Бадрал: Шинэ коронавирусийн эмчилгээнд зориулан ЭМНЭЛЭГ гаргах асуудлыг хэлэлцэнэ

796
bardal
ОБЕГ-ын дарга Г.Бадрал

Улсын онцгой комисс хуралдаж, коронавирусийн тархалт болон авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна /2020-02-05/. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Г.Бадрал сэтгүүлчдэд мэдээллээ.

-Онцгой байдлын комиссын хуралдаанаар ямар шийдвэр гаргасан бэ?

-Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт 1000, 1000-аар нэмэгдэж байна. Мөн нас барсан хүний тоо хоногт 60 гаруй боллоо. Тэгэхээр энэ өвчний оргил үе ойртож байна гэж үзэж байна. Үүнтэй уялдуулаад өнөөдөр Онцгой комисс хуралдлаа. БНХАУ-д мөн шувууны ханиад гарсан. H5N1 гэсэн ханиад гарсан учраас энэ өвчнөөс мөн давхар сэргийлэх хэрэгтэй болж байна. Шувууны ханиадтай холбогдуулаад тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хориглох шийдвэр гаргасан.

БНХАУ-тай хиллэдэг бүх улсад шинэ коронавирусийн тохиолдол улам нэмэгдэж байна. Тиймээс хил залгаа гэдэг утгаараа Монгол Улс ч яах аргагүй шинэ төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй болж байна. Дөрвөн боомтоор иргэдийг оруулж байна. Өчигдөр гэхэд 360 орчим иргэн орж ирэх хүсэлтээ илэрхийлсэн.

~Шинэ коронавирусийн эмчилгээнд зориулан ЭМНЭЛЭГ гаргах асуудлыг хэлэлцэнэ~

Тиймээс хилийн боомтуудын халдвар хамгаалал нэлээд ярвигтай болж байна. Ялангуяа Замын-Үүд боомт дээр. Тиймээс боомтууд дээр онцгой комиссын ажлын хэсэг ажиллахаар болсон. Халдвар хамгаалалт дээр эмнэлэг, гаалийн байгууллагын хангамж, хүрэлцээ ямар байгаа вэ гэдгийг шалгаж газар дээр нь ажиллах ажлын хэсэг маргааш нисдэг тэргээр хөдөлнө.

Маргааш өглөө онцгой комисс дахин хурлаа хийж, асуудлаа Засгийн газарт танилцуулна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал Эрүүл мэндийн яамнаас нэлээд өндөр дүнтэй орж ирсэн. Манайд бол эмнэлэг болгон өвчтөнүүдийг хүлээж авах бол дэлхий нийтэд энэ өвчинд зориулан тусгайлан бие даасан эмнэлэг гаргаж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам өнөөдөр судлаад яг ямар эмнэлгийг тусгаарлаж зөвхөн шинэ вирусийг эмчлэх вэ гэдэг шийдвэр гаргана.

Тэгэхээр өвчилсөн хүмүүсийг хүлээж авдаг нэг эмнэлэгтэй болно гэж ойлгож болно. Эдгээр бүх асуудлыг маргааш өглөөний онцгой комиссын хуралдаанаар батлаад хэрвээ шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу