2021-04-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив

Oyun-Erdene
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай /2021-04-07/ утсаар ярив.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцлон тэмдэглэв. Нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.