Соёлын яамны үйл ажиллагаа, соёлын бүтээн байгуулалттай танилцав

963
soyliin-yam
Соёлын яамны үйл ажиллагаа, соёлын бүтээн байгуулалттай танилцав

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон тус байнгын хорооны гишүүд өнөөдөр /2021/03/10/ Соёлын яамны үйл ажиллагаа, соёлын бүтээн байгуулалттай танилцав.

Уулзалтын эхэнд Байгалийн түүхийн музей баригдах газар дээр очсон бөгөөд тус музейг хотын төвөөс 1.8 километрт буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон. Музейн нийт хамрах талбай 74,000 метр квадрат бөгөөд хуучны Байгалийн түүхийн музейн эзэмшиж буй газраас 75 дахин том талбайтай. Нийт 250 мянган машины зогсоолтой.

Байгалийн түүхийн музейн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох тендер өмнө нь гурван удаа зарлагдсан ч шаардлага хангах гүйцэтгэгч шалгараагүй тул дөрөв дэх удаагаа зарлажээ. Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар, Соёлын сайд Ч.Номин болон байнгын хорооны гишүүдэд хандан музейн барилгын гүйцэтгэгчийг сонгох тендерийг шалгаруулж ажлыг яаралтай эхлүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.

Үүний дараа Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд барьсан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс ажиллаж байна.

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгыг найман тэрбум төгрөгийн төсвөөр барьсан. 60х40 метрийн хэмжээтэй, газар доорх давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8,000 ам дөрвөлжин метр талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, хамгаалалтын хашаа, орц гарц бүхий машин зам, авто зогсоол, ногоон байгууламжтай.

~Соёлын яамны үйл ажиллагаа, соёлын бүтээн байгуулалттай танилцав~

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэж байна. Тус төв нь нийслэл, орон нутгийн хэмжээний 38 музейгээр зогсохгүй археологи, палентологийн олдворуудыг бүртгэн авч, сэргээн засварладаг.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат энэ үеэр Монгол Улсын музейн сан хөмрөгт 240 мянга гаруй үзмэр байдгаас эвдрэл, гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг нь эзэлдэг. Иймд нэн яаралтай үзмэрүүдийг сэргээн засварлах шаардлагатай байдаг бөгөөд жилд 20 орчим байгууллагаас 150-200 орчим музейн үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Сэргээн засварлах ажлыг хийж буй 10 гаруй хүн хаанаа ч хүрдэггүй. Цаашдаа ажиллах мэргэшсэн ажилтан албан хаагчийг нэмэх зорилго тавьж байгаагаа, 2050 он гэхэд 139 ажилтантай байхаар төлөвлөж буйгаа хэлэв.

2021 оны байдлаар тус төв 35 хүнтэй. Үүнээс сэргээн засварлах чиглэлээр 11 хүн, цаасан болон цахим суурьтай бүртгэн баримтжуулалтын чиглэлээр 15 орчим хүн ажиллаж байна.

 “Чингис хаан” хаад язгууртны музейн каркасны ажил 100 хувь дуусаж, дотор, гадна заслын ажил хийгдэж байна. Ирэх тавдугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгаж, хамгийн их үзмэртэй “Хүннүгийн танхим”-ын үзмэрийг ирэх долдугаар сард олон нийтэд нээхээр төлөвлөөд байна.

Үндэсний номын сангийн барилга байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт баригдах Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай. Нийт 160 айлын газрыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 91 айл газраа бүрэн чөлөөлсөн, 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болж зөвшилцөх шатанд, үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажил хийгдээд байгаа юм.

Хүүхдийн төв номын сангийн барилга барих 1.1 га газрын асуудал шийдэгдсэн. Тус төслийн явц 10 хувьтай байна. 8000 м талбай бүхий 16 уншлагын танхим, 400 уншигчийн суудалтай номын сангийн барилга угсралтын ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Хүүхэлдэйн театрын барилгыг мөн тавдугаар сард эхлүүлнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу