2020-05-15

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цахимаар хурал хийж, үүрэг өглөө

tsahim-hural-Ualaan-said
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цахим хурал хийж, үүрэг өглөө

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газраас Зүүн аймгуудын нутаг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт тавдугаар сарын 15-наас эхлэн, төвийн бүсийн зарим аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, салхины хүч ширүүсэж, гамшгийн төвшинд хүрэхийг анхааруулан, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг сэрэмжлүүлсээр байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймаг, сумын онцгой байдлын комисстой цахим хурал хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ удаагийн цахим хуралд ХХААХҮ-ийн Сайдын зөвлөх Р.Жадамбаа, МААХБЗГ-ын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Г.Наранчулуун, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар оролцлоо.

~ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цахим хурал хийж, үүрэг өглөө~

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан

Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулга, Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг явуулсныг та бүхэн хүлээн авсан гэж бодож байна. 2008 онд тохиолдож байсан байгалийн гамшгаас хурдны хувьд илүү байж болзошгүй анхааруулга явж байгаа учраас энэ асуудалд онцгой анхаарч, бэлтгэлээ хангах, малчид ард иргэддээ сэрэмжлүүлэх, болзошгүй аюул ослоос сэргийлэх, оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд энэ хурлыг аймгийн удирдлагатай хамтран шуурхай зохион байгуулж байна. Малчдад мэдээллээ тодорхой өгөөрэй. Юуны өмнө хүнээ бэлтгэл хангуулах хэрэгтэй. Дулаан хувцас, хүнс, унаа бэлтгэх, хүүхдээ салхи шуурганы үед гэрт нь харгалзах хүнгүй орхихгүй байх хэрэгтэй юм. Мал сүргээ хол бэлчээрлүүлэхгүй байх, салхин талдаа байлгах, хашаа саравчиндаа байлгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм “ гэдгийг тэрээр онцлов.

Сүхбаатар аймгийн онцгой байдлын газраас сумдын шуурхай штабыг бэлэн байдалд ажиллуулж, багийн дарга нарыг бүх өрхөд цаг агаарын талаарх мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулжээ. Мөн орон нутгийн телевизээр сэрэмжлүүлэг мэдээллийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Тухайлбал Дарьганга сумын Шуурхай штабаас жижүүрээ томилоод, цаг агаарын мэдээллийг малчид, ард иргэдэд анхааруулга, зөвлөмж өгч зарлан мэдээлж, барилга байгууламжийн дээврийн бэхэлгээний ажлыг зохион байгуулж, сумын цаг агаарын станцаас иргэдэд мэдээллийг мессежээр хүргэсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ