Хүүхдийн байгууллагад хийх сайдын шахаа

405

Ажлаа аваад арав ч хоноогүй Засгийн газрын анхны  томилгоо Гэр  бүл, хүүхэд,  залуучуудын  хөгжлийн  газрын даргаар эхэлж буй сураг  байна.

Энэ газрын удирдлагыг солино гэдгээ салбарын сайд нь илэрхийлчихсэн. Тэр ч бүү хэл хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхантай уулзахдаа энэ салбартаа олон жил ажилласан,  мэргэжлийн  хүнийг томилно хэмээн хэлсэн учраас төрийн бусынхан А.Ариунзаяа сайдын үгэнд итгээд дордуулсан биш дээшлүүлсэн томилгоо болно хэмээн ихэд хүлээж суусан юм.

Гэтэл  энэ агентлагт Залуучуудын хөгжлийн  газрын даргаар  цухасхан ажиллахдаа гавьяа ч байгуулаагүй, гай ч тарьж амжилгүй буцсан Ганзоригийн Батдорж гэж залууг томилохоор болжээ. Г.Батдорж нь МАН-ын  дэргэдэх НАМОХ-ны тэргүүний алба хашдаг. Хэнтийн гаралтай, Л.Оюун-Эрдэнэ сайдын сонгуулийн багт ажиллаж тус болсон нэгэн тул ийм шагнал авах эрхтэй нэгэн аж.

Энэ тухай дуулсан хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан, салбарынхан нь ихэд дургүйцэж “Одоо болил доо, сайд аа.  Энэ салбарыг  тайван  орхи” хэмээн нэгэн дуугаар эсэргүүцэж эхэлсэн байна.

ХНХ-ын сайд  А.Ариунзаяа  хүүхэд,  гэр  бүлийн  салбарт олон жил ажилласан, ажлаа ч асуудлаа ч мэддэг, бодлого боловсруулж бас хэрэгжүүлж чаддаг жинхэнэ төрийн албаны шатлан дэвших замаар яваа намын хэллэгээр лифтээр өгсөөгүй, кранаар татуулаагүй хүнийг томилуулахаар өмнөх Засгийн газрын үед саналаа хүргүүлжээ. Сайд саналаа Засгийн газрын хуралдаанд оруулахаар болоход тээж хэвтээд тээглэж унагасан хүн нь тухайн үеийн ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд. Одоо Ерөнхий сайдын суудалд суусан учраас нутгийн дүүдээ сонгуульд  нь  зүтгэсний шагналаа даргын суудлаар өгөхөд ядах зүйл ч үгүй болсон биз.

Г.Батдоржийн хувьд хүүхдийн байгууллага хаялгатайг сайн мэддэг нэгэн бололтой. Учир нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хэвлэлийн бүх  тендерийг   “Хүслийн  түүчээ” , ”Хөгжлийн  түүчээ”, “Энзо принт”, “Соёмбо”, “Дэлхийн монгол түншлэл” зэрэг  ХХК-иар  дамжуулан том жижиг гэж ялгалгүй  түүж,  жил бүр 200-гаад  сая төгрөгийн ажил авч байсан. Тендерт шалгаруулах   ажлыг  гардан  зохион  байгуулдаг хүн нь тус газрын Тамгын  газрын  дарга    Ш.Чинбат гэдгийг ч олон хүн мэддэг юм билээ.

2016 онд хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Хүүхдийн төлөө үндэсний газрын чиг үүрэг дээр гэр бүл, залуучуудын асуудлыг нэмж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өргөжсөн. Хүн амын бүлгийн хөгжил, хамгааллын асуудал, түүн дундаа хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг хариуцсан тус байгууллага нь аливаа нэг улс төр, нам, бүлэглэлээс ангид байх ёстой.

Гэвч 2016 оноос эхлээд намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллагын гишүүн, дэмжигчдийг төрийн захиргааны байгууллагын  удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилж ирсний улмаас төрийн ажлын дөргүй дарга нар санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчих, хариуцлага алдагдах, төсвийн оновчгүй үр дүнгүй зарцуулалт ихсэх, төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой бодлого, баримт бичиг боловсруулах үйл ажиллагааг төрийн бус байгууллага, хувь хүнээр гэрээгээр хийлгэх зэргээр хууль зөрчсөн олон асуудал гарч удирдлага нь солигдож байв. Ердөө ганцхан жишээ хэлэхэд ХНХЯ-наас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар 1,7тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдаж багагүй дуулиан тарьж байв.

Энэ бүхэн төрд ажилласан туршлагагүй, төрийн бус байгууллага, намаар дамжсан хүмүүсээр удирдлагын багийг бүрдүүлсний уршиг. Тэр ч бүү хэл, нэгдсэн бодлого төлөвлөлт, салбар дундын уялдаа холбоо алдагдаж, харьяа, салбар байгууллагуудын үйл ажиллагаа доголдон, хүний нөөцийн тогтворгүй байдал гүнзгийрсний хэрээр гэр бүл, залуучууд, түүн дундаа хүүхдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид муугаар нөлөөлж эхэлсэн хэмээн төрийн бус байгууллагынхан дүгнэдэг.

Иймд хүн амын бүлгийн хөгжил, тэр дундаа хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудалд онцгой анхаарал тавьж, өнгөрсөн хугацаанд гарсан алдааг залруулах үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын томилгоог улс төрөөс ангид болгож Төрийн албаны тухай хуульд заасан меррит зарчмыг бүрэн хэрэгжүүлж салбартаа мэргэшсэн хүнийг томилуулахын төлөө явна гэдгээ ТББ-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглаж байгаа юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу