ЧУУЛГАН: Малчдад ноолуурын урамшуулал олгохыг дэмжлээ

935
nooluuriin-uramshuulal-chuulgan-huraldaan
Малчдад ноолуурын урамшуулал олгохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар COVID19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

~Малчдад ноолуурын урамшуулал олгохыг дэмжлээ~

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, А.Сүхбат, Л.Энх-Амгалан нараас тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг олонх дэмжлээ. Уг заалтад ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх асуудлыг тусгасан байна. Мөн үндэсний үйлдвэрт ноолуур тушаасан малчин өрхөд кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, тус зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаадын худалдан авагчдыг татах ажлыг зохион байгуулахаар тусгасан байна.

Түүнчлэн “УЕПГ, АТГ, ШШГЕГ, банкны эрх авагч нартай хамтарсан ажлын баг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураасан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг, сургууль улсын хэрэгцээнд ашиглах” саналыг дэмжлээ.

ТИйнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Одоо уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх бөгөөд 17.30 цагт чуулган дахин хуралдаж, тогтоолыг эцэслэн батлахаар төлөвлөж байна.

эх сурвалж:montsame.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу