Шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна

954
sumiyabazar
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар

Засгийн газрын ээлжит бус хуралдааны газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

“Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой.

Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахуун агуулах саваа бүрэн ашиглах ёстой. Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх ёстой чиглэл барьж байгаа” гэж сайд мэдээлэв.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22 ам.доллар болж буурсан нь шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. “COVID-19” вирусний улмаас Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан юм. Одоогоор дотоодын зах зээлд АИ-92 шатахууны 30, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа нь нийтдээ энгийн үетэй харьцуулахад 10 хоногийн илүү нөөцтэй байгаа. Мөн салбарын сайд “У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед шатахууны үнэ өсөөгүй, үнийг тогтвортой байлгахад маш их анхаарч ажилласан”-ыг мэдээлэлдээ онцлон хэллээ.

Харин БНХАУ руу гаргах нүүрсний экспортын тухайд ирэх ЗТХЯ болон УУХҮЯ хамтран Гашуун сухайт боомт, тээврийн зам бусад обьектын ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай газар дээр очин танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болоод байна.

УУХҮЯ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу