Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав

696
eruul-mendiin-tuhai-huuli
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийг тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулав.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хурааж дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

~Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав~

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг хүн амын тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн сааруулах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор эмнэлгийн нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламжийг нэгдсэн эмнэлэгт үзүүлэх, Их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчныг тодорхой болгох, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн боломж нээгдэж байгаа аж.

Үүний дараа Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн барьсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 100 хувийн саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлав..

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу