2019-08-27

БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийг танилцуулав

solongos-ulsiin-viz
БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийг танилцуулав

Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан бөгөөд хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул, 1-р нарийн бичгийн дарга ноён Кил Кан Муг нар оролцов.

БНСУ-д зорчих визний журамд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцлахаар болсон бол есдүгээр сарын 16-наас эхлэн хууль бусаар оршин суух болон хөдөлмөр эрхлэх магадлал багатай виз мэдүүлэгчийн материалыг шалгах хугацааг хуучин 90 хоног байсныг өөрчилж 14 хоногийн дотор шийдвэрлэхээр болсон байна. Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэд гэр бүл /эхнэр, нөхөр/-ээ урих тохиолдолд мөнгөн барьцаа шаардахгүйгээр, сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг визийн материалд хавсарган өгч, виз хүсэх боломжтой болсон байна.

~БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийг танилцуулав~

Дээрх визийн шаардлагыг хөнгөвчилсөн өөрчлөлтүүд нь хоёр улсын Засгийн газар болон Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагуудын олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжихээр болж байна.

Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албадын хооронд хамтран ажиллах Санамж бичгийг 2007 онд байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцлийг хялбаршуулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийсэн бөгөөд визийн журамд дээрх өөрчлөлт ороход томоохон түлхэц үзүүлсэн үр дүнтэй айлчлал болсон юм.

Эх сурвалж: ГИХГ